Эквадорт газар хөдөлсний улмаас 272 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-18 09:42:26

КИТО. /nbcnews/. Бямба гарагт Эквадорын эрэгт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 272 хүн амиа алдсан байна.

Эквадорын дэд Ерөнхийлөгч Хорхе Гласын мэдээлснээр, 2500 гаруй хүн гэмтэж бэртэж, 151 гаруй байшин барилга сүйджээ.

Өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар 19 цагийн орчимд Эквадорын нутгийн хойд хэсгийн Номхон далайн эрэгт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус улсын Засгийн газар байгалийн гамшигт хамгийн ихээр өртсөн зургаан мужид онц байдал зарлаж, хүндхэн нөхцөл байдлыг даван туулахаар хичээж байна.

Эргийн дагуу баригдсан олон байшин барилга нурж, сүйджээ. Мөн Эквадорын хамгийн том Гуаякиль хотын олон түвшний уулзвар бүхий гүүр нурж, машинууд дээр унаснаар зорчигчдын аминд хүрсэн байна.

Засгийн газар 10 мянган гаруй цэрэг, гал сөнөөгчдийг гамшигт өртсөн нутгуудад илгээж, нурангин дор байгаа хүмүүсийг аврах ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Д.Нямтулга

 

 

Related news