Дохагийн уулзалтад оролцогсод тохиролцоонд хүрч чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГДОХА. /RIA Novosti/. Катарын нийслэл Доха хотод болсон нефть олборлогч орнуудын уулзалтад оролцогсод нефть олборлолтын хэмжээг бууруулах асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй.
Энэ асуудлаар гэрээ байгуулж чадаагүй нь ОХУ-ын хувьд асуудал үүсгэхгүй гэж тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак хэлжээ. Тэрбээр мөн Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн орнуудын байр суурийг харгалзан үзвээс дээрх асуудлаар цаашид гэрээ байгуулах боломж бий эсэхэд ОХУ эргэлзэж байгааг нэмж хэлсэн байна.
Катарын Нефть, эрчим хүчний сайд Мухаммед ас-Сада мөн Дохагийн уулзалтад оролцогсод нэмэлт зөвлөгөөн явуулахад цаг хугацаа шаардлагатай байна гэж уулзалтын дараа мэдэгджээ.
Тэрбээр нефть олборлолтыг бууруулах асуудлаарх хэлэлцээг цаашид үргэлжлүүлнэ гэдгийг хэлээд ОПЕК-ийн гишүүн бүх орныг хэлэлцээний үйл явцад нэгтгэвэл зөвшилцөлд хүрч чадна гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Нефть олборлогч орнуудын төлөөлөгчид олборлолтыг бууруулах асуудлыг зургадугаар сард Австрийн Вена хотод болох дараагийн уулзалтын үеэр хэлэлцэнэ гэж Нигерийн Эрчим хүчний сайд Эммануэль Ибе Качикву мэдээлжээ.
Дээрх уулзалт товлосон цагаасаа 6 цаг 30 минутаар хоцорч эхэлсэн байна. ОПЕК-ийн гишүүн орнууд бүгдээрээ, тэдгээрийн дотор Иран улс ч мөн адил гэрээнд нэгдэхийг Саудын Аравийн эрх баригчид гэнэт шаардсан учраас уулзалт саатсан бололтой.
Харин Тегераны эрх баригчид Дохагийн уулзалтад төлөөлөгчдөө илгээгээгүй бөгөөд нефть олборлолтынхоо хэмжээг Иранд хориг арга хэмжээ авахаас өмнөх түвшинд хүргэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Тус улсын эсрэг авсан олон улсын хоригийг энэ оны эхээр цуцалсан билээ.
Дохад болсон уулзалтад 17 орны төлөөлөгчдөөс гадна ОПЕК-т элсээгүй ОХУ, Азербайжан, Казахстан, Оман улс оролцжээ.
Д.Жаргал