БОЭТ-д нарийн мэргэжлийн эмч нарын дутагдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙУИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ сарын 13-ний өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн Боловсролын салбарын сургууль, цэцэрлэгүүд, БОЭТ-өөр орж үйл ажиллагаатай нь танилцсанаас гадна Төв бараан захад үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзаж тулгамдаж буй асуудлыг нь хэлэлцлээ.
Захын худалдаачид өмнөх жилүүдэд сард хоёр удаа бараагаа татдаг байсан бол энэ жил гүйлгээ эрс багасан бараандаа явахгүй байгаа, түрээсийн төлбөрөө төлж чадахаа больсон гэдгийг хэлж байсан юм. Харин БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцах үед жилээс жилд тоног төхөөрөмж нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч нарийн мэргэжлийн эмч нарын дутагдалтай байгаагаас ачаалал их байдаг гэдгийг хэлж байлаа.
Я.Содбаатар гишүүн Хөгжимт драмын театрт эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт ажиллаж байгаа ажилчидтай уулзан улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл, төрөөс боловсролын салбарт баримталж байгаа бодлогын талаар мэдээлэл хийж, санал солилцсон юм.
Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч байгааг лангуун дээрх бараа зарагдахгүй, ажилчид цалингаа авч чадахгүй хэмжээнд хүрч байгаа зэрэг энгийн жишээнээс харж болно гэдгийг онцлон хэлж, дөрвөн жилийн өмнө 17,5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 0,2 хувьд хүрч, 4,3 тэрбумд хүрч байсан шууд хөрөнгө оруулалт 200,0 сая доллар болж буурсан мөн төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрсэн гэх мэдээллийг өглөө.
Энэ үеэр боловсрол, соёлын алба хаагчдаас хөдөө орон нутагт чадварлаг боловсон хүчнийг ажиллуулахын тулд хөнгөлөлттэй байр, орон сууцаар хангах нь чухал гэдгийг хэлж байсан бол аж ахуй, үйлчилгээний ажилчидтай холбоотой хэд хэдэн асуулт гарсны нэг нь таван жилийн урамшуулалд хамрагдах, цалин нэмэгдүүлэх боломжтой эсэх талаарх асуулт байсан юм. Амралтын өдөр ч ажиллаж байдаг аж ахуйн ажилчдад урамшуулал олгох нь зөв ч хуулиндаа тус заалт байдаггүй. Цаашид хуулийн хүрээнд анхаарах асуудлуудын нэг гэдгийг гишүүн хариуллаа.
Өвөрхангай Б.Батчимэг