Эдийн засгийн тусгай төслийн үр шимийг 8100 гаруй хүн хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт хэрэгжиж буй эдийн засгийн тусгай
төслийн хүрээнд давхардсан тоогоор 8172 иргэнийг сургалтад хамруулснаар иргэд сайн дурын 62 бүлэг байгуулжээ.
Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж
буй Завхан аймаг гадаад зах зээлээс багагүй хөрөнгө босгож, орон нутгийн
үйлдвэрлэлээ нэмэгдүүлсээр байна. Тухайлбал, Европын холбоо, “Дэлхийн Зөн
Монгол” ОУБ-ын Франц улс дахь салбарын 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дээрх
төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус төсөл нь Монгол Улсад анх удаа, тэр дундаа
Завхан аймагт хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Завхан аймгийн эдийн засгийн
тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь
нэмрийг нэмэгдүүлэх нь” нэртэй эдийн засгийн тусгай төсөл юм. Төсөл 2018 оны
нэгдүгээр сараас эхэлж зорилтот 12 суманд амжилттай хэрэгжиж байна. Төслийн
хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудад үйл ажиллагаагаа явуулах аргачлалыг нь
эхлээд заажээ. Үүний дараа иргэдийн бүлгүүд байгуулагдаж төслөөс шаардлагатай
тоног төхөөрөмжөөр хангаж эхлээд байна.
Тоног төхөөрөмжтэй болсноор бүтээгдэхүүний
тоо хэмжээ өсжээ
“Завхан
аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн
байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд Тосонцэнгэл,
Их-Уул сумын таван бүлэгт 26 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулсан ажээ.
Тухайлбал, жимсний бүлэгт чанагч тогоо, төрөл бүрийн хөргүүр, жимс хатаагч, оёдлын бүлгүүдэд шулуун оёдлын машин, уурын индүү, эсгүүрийн бусад хэрэгсэл зэргийг нийлүүлсэн ажээ. Ингэснээр бүлгүүдийн ажлын бүтээмж нэмэгдэж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар сайжирчээ. Мөн 11 сумын 24 бүлэгт 150 сая төгрөгийн үнэ бүхий 177 ширхэг тоног төхөөрөмжийг гардуулан өглөө хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Төслийн дэмжлэгээр тоног төхөөрөмжтэй болсон бүлгүүд үйл ажиллагаагаа
өргөжүүлэх боломжтой болжээ. Түүгээр зогсохгүй бүтээгдэхүүнийхээ чанар, нэр
төрлийг сайжруулж, томоохон үйлдвэр байгуулах эхлэлийг тавих ажээ. Эдийн
засгийн тусгай төсөл нь 2020, 2021 онд үргэлжлэн хэрэгжих бөгөөд иргэдийн бүлгүүдэд
дахин 360 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг олгох юм байна.
Төсөл үр дүнтэй хэрэгжиж байгааг сайшаав
Эдийн засгийн тусгай төслийн хүрээнд тоног төхөөрөмж гардуулах
үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан: ”Загас барьж өгөх бус загас барих аргыг
нь зааж өг гэдэг үг бий. Тиймээс энэ төсөл үйлдвэрлэлээ хэрхэн амжилттай авч
явах аргыг эхнээс нь зааж өгч, хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт
шилжих зорилтоо биелүүлэхэд чухал хөшүүрэг болж байна. Төсөл хэрэгжих сүүлийн
жил буюу 2021 онд үйлдвэрлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбож өгөх учраас
эдийн засгийн бүхий л агуулгыг багтаасан цогц төсөл гэж хэлж болно. Цаашид
үйлдвэрлэлийн менежмент, борлуулалтын менежмент, хөрөнгийн менежмент гэсэн
гурван чухал асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж томоохон үйлдвэрлэгчид болно
гэдэгт итгэлтэй байна. 2020 оны аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн
чиглэлд үйлдвэрлэгч бүлэг, цехүүддээ бизнесээ амжилттай авч явахад нь зөвлөн
туслах бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөөд
байна. Энэ төслөөс гадна гадаад зах зээлээс мөн 380 сая төгрөгийн санхүүжилтийг
босгоод байна. Энэ хөрөнгөөр манай аймгийн сум бүрд жижиг үйлдвэр байгуулахад
дэмжлэг үзүүлж эхлээд байгаа. Эхний ээлжид найман сумыг арьс шир, нэхий элдэх
тоног төхөөрөмжөөр хангаж байна” гэлээ.
Мөн үеэр “Дэлхийн Зөн Франц” ОУБ-ын
Монгол Улсыг хариуцсан хөтөлбөрийн ажилтан Эмилий Вижинел: "Хоёр жилийн
өмнө эхлүүлж байсан төсөл бодит ажил хэрэг болж Завханы иргэний нийгмийн
байгууллагууд чадавхжиж, үйлдвэрлэгч бүлгүүд олноороо байгуулагдаж тоног
төхөөрөмжөө гардан авч буйд их баяртай байна. Бидний маш сайн хамтын
ажиллагааны үр дүнд өнөөдрийн амжилт ирж буйг онцлон хэлэхийг хүсэж
байна. Ирэх жилүүдэд судалгаан дээрээ үндэслэн үйлдвэрлэгч бүлгүүд, иргэний
нийгмийн байгууллагуудаа үргэлжлүүлэн дэмжиж ажиллана” хэмээн онцолсныг аймгийн
ЗДТГ-аас нэмж мэдээлэв.