ЗАВХАН: Энэ хичээлийн жилд 15 мянга гаруй хүүхэд суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймагт 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 30 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 38 цэцэрлэгт 15 мянга гаруй хүүхэд суралцана.
Энэ хичээлийн жил сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр шинэчлэгдэж, шинэ хөтөлбөр заах арга зүйгээр хичээллэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, чанарыг сайжруулах, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилготой “Эдүтэн” хөтөлбөрт 6-9 дүгээр ангийн хүүхдүүдийг шинээр хамруулж эхэлнэ.
Улсын хэмжээнд 2023 оноос хэрэгжиж буй "Эдүтэн" цахим системийн хүрээнд Завхан аймагт цахим сургалтын орчин бүрдүүлэлтэд тодорхой ахиц гарсан.
Өнгөрсөн хичээлийн жилд Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 3, 4 дүгээр ангийн 1700 суралцагч дээрх хөтөлбөрт хамрагдаж, суралцагчдын идэвх 98 хувьтай байсан юм. Цахим системийг сургалтад ашигласнаар сурагчид математикт идэвх оролцоотой суралцах, аливаа асуудалд хариуцлагатай хандах. Асуудалтай танилцан, түүнийг шийдвэрлэх арга барил эзэмших. Учир шалтгааныг тайлбарлах, бие даан бусадтай хамтран ажиллах чадвараа хөгжүүлэх боломжтой юм.
Завхан аймагт 100-гаас доош хүүхэдтэй 9 жилийн сургууль 4, 300-гаас доош хүүхэдтэй 12 жилийн сургууль 9 байна.
Тиймээс сумдад байгаа 12 жилийн сургалттай сургуулиудыг цөөлж, цөөн хүүхэдтэй сургуулиудыг нэгтгэх, тойргийн хамран сургалтыг сайжруулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Завхан аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нарын хангалт 93 хувьтай, математик, хими, физик, англи хэлний багш нар дутагдалтай байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад мэргэжлийн багш нарын хангалт сайн байна.
Мөн энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 3,4-р ангид англи хэлний хичээл, "Персон" хөтөлбөр хэрэгжих юм. Үүнтэй холбоотой 40 багш ур чадвараа сайжруулж хичээлийн хөтөлбөрийн заах арга зүйн талаар суралцсан байна. Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн хэвлэгдэн гарсан бөгөөд түгээлтийн ажлыг хийж, цахим тоног төхөөрөмжийн бэлэн байдал хангасан тухай Завхан аймгийн Боловсролын газрын дарга Д.Бямбацогт мэдээлэв.
Дашрамд, энэ хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 668 сургуулийн 3,4 дүгээр ангийн 4208 бүлэгт, 135626 суралцагч англи хэлний хөтөлбөрөөр, долоо хоногт 2 цагаар хичээллэх юм.
Өнөөдөр, Завхан аймгийн Боловсролын газрын байранд Монгол улсын гавьяат багш Р.Маабазарын хүндэтгэлийн буланг байршууллаа.