Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газар ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 28-нд
баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх
нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр
цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал,
хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч
эрс чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр
шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир
орчим, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө,
Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө
21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө
10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө
16-21 градус хүйтэн байна. 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх
нутгаар хүйтний эрч суларна.