Ихэнх нутгаар цас орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө, маргаашдаа Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй
цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
Энэ сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
танилцуулж байна. Энэ сарын 10-нд баруун аймгуудын нутаг болон зүүн аймгуудын
нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төвийн
аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон
говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд
хэсэг болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи
ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан
голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33
градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг,
Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө
32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас
багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад
нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.