Гар утас хүүхдийн нүдийг хялар болгодгийг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-21 14:58:15

СӨҮЛ. /TASS/. Ухаалаг утсыг удаан хугацаагаар ашиглах нь нүдийг хялар болгодог байж магадгүй. Ийм дүгнэлтийг Өмнөд Солонгосын Чоннам их сургуулийн дэргэдэх клиникийн эмнэлгийн судлаачид хийжээ.

“Ухаалаг гар утсыг удаан хугацаанд ашиглах нь ялангуяа 7-16 насны хүүхдүүдэд онцгой хортой” болохыг эмч нар анхааруулж байна.

Сүүлийн үед хялар өвчний оноштой өсвөр насны хүүхдүүд эмнэлэгт олноороо хандах болсонд эрдэмтэд анхаарлаа хандуулжээ. Нарийн судалгаа явуулахад тэд бүгд өдөрт 4-8  цагийг гар утсаараа тоглоом тоглох, элдэв зүйл уншихад зарцуулдаг нь тогтоогдсон байна.

Гар утас хэрэглэхийг өвчтөнд хориглосноос хойших хоёр сарын хугацаанд хялар өвчний онош тогтоогдсон 12 тохиолдлын 9-д нь уг өвчний шинж тэмдэг арилжээ.  Ухаалаг утас ашиглах нь нүдийг хялар болгодгийг энэ баримт нотолж байна. 

Үүнтэй холбоотойгоор ухаалаг утсыг хүүхдүүддээ хагас цагаас илүү хугацаагаар ашиглуулахгүй байх, мөн нүдээ амрааж, завсарлагатайгаар хэрэглүүлэхийг эцэг эхчүүдэд зөвлөж байна. Хэрэв хялар өвчний шинж тэмдэг илэрвэл нүдний эмчид яаралтай хандахыг зөвлөжээ.

Д.Жаргал

 

 

 

Related news