Украинд хийн түлш, цахилгааны үнийг нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-21 15:59:30

КИЕВ. /TASS/. Олон улсын валютын сангаас /ОУВС/ тавьсан шаардлагын дагуу Украины Засгийн газар хийн түлшний үнийг өсгөхөөс өөр аргагүйд хүрллээ гэж саяхан томилогдсон Ерөнхий сайд Владимир Гройсман мэдэгдэв.

Зах зээлийн бодит үнэд хүргэн шатахууны үнийг нэмнэ гэж Украины тал ОУВС-д амлалт өгсөн. Тиймээс өөр сонголт байхгүй. Хямд бөгөөд эдийн засгийн хувьд бодит бус үнэ нь авлигын орчныг бий болгодог гэж тэрбээр “24” телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

ОУВС нэмэлт зээл олгохоосоо өмнө орон сууцны үйлчилгээний үнэ тарифыг эдийн засгийн хувьд ашигтай байлгах түвшинд хүргэх шаардлагыг тавьжээ. Тиймээс урьд нь дулаан болон хийн түлшний үнэ нэмэгдсэнийг үл харгалзан цахилгааны үнийг 2017 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлэх ажээ.

Д.Нямтулга

 

Related news