Сургуулийн өмнөх хамран сургалт 90 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы
Цагаанчулуут сумын сургуулийн өмнөх хамран сургалт 90 гаруй хувьтай болжээ.
Тус суманд өнгөрсөн жил
100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 2016 онд 320 хүүхдийн
сургуулийн шинэ барилга ашиглалтад оржээ. Жил бүр сумын боловсролын
салбарт бүтээн байгуулалтын ажлуудыг үр дүнтэй хийж байна. Суралцах орчин
нөхцөл сайжирснаар багш нар тогтвор суурьшилтай ажиллах, сургалтын орчин нөхцөл
сайжирснаар хүүхдүүдэд зориулсан дугуйлан, сонгон цаг харгалзахгүй хичээллэх
боломжтой болжээ. Шинэ цэцэрлэгийн барилгатай болсноор сургуулийн өмнөх хамран
сургалт сайжирч малчдын хүүхдүүд ч сургуулийн өмнөх хамран сургалтад хамрагдах
идэвх сайжирч байгаа тухай сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Малчны зургаан настнууд
гэр өргөөндөө амьдрах дуртай
Цагаанчулуут сум улсын
төсвийн 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулийнхаа
дотуур байрны их засварын ажлыг хийжээ.
Өнөөдөр тус сумын
хүүхдүүд дотуур байрандаа халуун усанд орж, бие засах тохилог ОО-той, төв
суурин газраас дутахааргүй тохилог, дулаан орчинд амьдарч байна. Дотуур байрны хүүхдийн тоо жил ирэх бүр нэмэгдсэн байгаа. Ерөнхий боловсролын
сургуульд 300 орчим хүүхэд сурч байна. Үүний 60 гаруй хувь нь дотуур байранд
амьдардаг. Аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж буй зургаан настнуудын
амьдрах “Гэр өргөө”-г бусад суманд жишиг болохоор тохижуулж, тухтай орчныг
бүрдүүлсэн байгаа. “Гэр өргөө”-нд 12 хүүхэд амьдарч байна. Зургаан настнуудыг
суулгах Гэр өргөө нь малчин эцэг, эхчүүд болон залуу малчдыг дэмжсэн сайн туршлага
болсон. Малчны зургаан настнууд маань гэр өргөөндөө амьдрах дуртай. Үнэхээр
хүүхдийн эрүүл, аюулгүй, дулаан, тохилог орчинд сурч боловсрох нөхцөл бүрдсэн
хэмээн сумын сургуулийн захиргаанаас нэмж мэдээлэв.