Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш нутгийн төв хэсгээр, энэ сарын 2-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, тээвэрчид, иргэдэд онцгойлон анхаарууллаа.
2020 оны 3 дугаар сарын 2-6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Гуравдугаар сарын 2-нд нутгийн зүүн
хагаст, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын
нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд
баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж,
цасан шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар, 4-нд
Алтайн салбар уулсаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч
ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын
хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө
27-32 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын
хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд
хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө
3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус
хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.