"Тэсийн голын монголчууд" киноны зураг авалтыг маш өндөр түвшинд хийснийг онцолжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Тэсийн гол орчмоор нутагладаг ард иргэдийн амьдрал, аж ахуй, мал маллагаа, байгалийн онцлогийг харуулсан киноноос гурван малчны сонирхолтой, эгэл амьдралыг үзэхийг Монголын Бэлчээр ашиглагчдын холбооны Завхан салбараас мэдээлэв.
Учир нь тус кино өнгөрсөн 9 дүгээр сард олон улсын кино фестивальд шалгарчээ. Тус киног Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Тэгт Тойрог кино компани хамтран бүтээжээ. Тус кино нь дэлхийн олон улс орны мал маллагаа, мал аж ахуй эрхлэх амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах зорилготой “Perspectives on pastoralism” буюу “Мал аж ахуйн чиг хандлага” нэртэй олон улсын кино фестивальд ийнхүү шалгарсан нь бахархал юм.
Энэ кино фестивальд дэлхийн олон орны чадварлаг уран
бүтээлчдийн баримтат болон түүхэн төрлийн олон кино өрсөлдсөнөөс "Тэсийн голын монголчууд" киноны зураг авалтыг “маш өндөр түвшинд хийсэн” хэмээн шүүгчид
онцолсон байна. Фестивалиас шалгарсан кинонуудыг зохион байгуулагчид Герман
болон Бельги улсад зохион байгуулах Мал аж ахуйн олон улсын үйл ажиллагааны
үеэр олон нийтэд таниулж, киноны талаарх мэдээллийг оролцогчдод хүргээд байгаа
аж.
Энэ кинонд өгүүлж буй Тэсийн гол нь Булнайн нуруунаас эх авч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-уул, Завхан аймгийн Баянтэс, Тэс, Увс аймгийн Баруунтуруун, Тэс сум, Монгол, Оросын нутгийг дамжин урссаар Увс нуурт цутгадаг.
Голын сав нутгаар хотгойд, халх, баяд ястан болох Тэсийн голынхон аж
төрөн суудаг бөгөөд нутгийн иргэдийн аж амьдрал онгон дагшин байгальтайгаа
хэрхэн дасан зохицож амьдарч буйг өгүүлжээ.
Хотгойд, баяд, халх ястнууд буюу нэг голын уснаас ундаалж байгаа нутгийн уугуул малчдын амьжиргаа, аж амьдралын хэв маяг, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншил, бэлчээрээ нүүдэл сэлгээтэй даац багтаамжид тохируулан мал аж ахуйгаа адгуулан ирсэн уламжлалыг тодорхой дүрсэлсэн байгаа. Мөн Тэсийн голын эхэн, дунд, адагт амьдарч буй гурван малчин айлын амьдралыг жишин, дүрслэн харуулсан үйл явц гардаг. Завхан аймгийн Тэсийн гол орчмоор нутагладаг малчин ард иргэдийн төлөөлөл болгож Баянтэс сумын Зайгал багийн малчин өрх Д.Ням-Осорын аж амьдралын түүхийг энэ киноноос үзээрэй хэмээн Монголын бэлчээр ашиглагчдын холбооны Завхан салбарын төлөөлөгч нэмж дуулгав.