Төрийн албан хаагчдын дунд “Дэвжээ” тэмцээн зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 12:51:58

Архины хор хөнөөлийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахад чиглэсэн аяны тугийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон хүлээн авснаар багагүй ажлыг санаачлан хэрэгжүүлжээ.

Тухайлбал “Аав хайрхан-Эко орчин” уриан дор хог цэвэрлэх үйл ажиллагааг явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр архины хор хөнөөлийг таниулах, уг хорт зуршлаас татгалзах уриалга бүхий мэдээлэл, сурталчилгааг нэвтрүүлсэн ба байгууллагынхаа алба хаагчдын ар гэрийнхэнтэй хамтран спорт өдөрлөгийг зохион байгуулжээ.

Мөн “Архигүй орчин-Гэрэлт ирээдүй” аяны хүрээнд Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн төрийн албан хаагчдын дунд хөгжөөнт, танин мэдэхүйн “Дэвжээ” тэмцээнийг 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахаар болсон байна. Тэмцээнээр Төрийн албаны тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Агаарын тухай хууль, “Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр, “Архидалтгүй Өвөрхангай хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр албан даалгавар зэргээс төрийн албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг “шалгах” аж.

Аяны туг 4 дүгээр сарын 27-оос 5 дугаар сарын 3 хүртэлх хугацаанд аймгийн Цагдаагийн газарт байрлаж байна. Тус байгууллагаас алба хаагчдынхаа дунд сургалт зохион байгуулж, нийт алба хаагчдад архинаас татгалзах уриалга хүргүүлэн сахилгын зөвлөлгөөн хийх гэнэ.

Б.Батчимэг

Related news