Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтад хамрагдах идэвх сул байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы 24
суманд таван хүний бүрэлдэхүүнтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн
асуудлыг сайжруулах салбар хороо ажиллаж байна.
Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2018 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын удирдлагуудтай хамтарсан хурлыг хийж хэвшжээ. Ингээд сум бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар хороо байгуулах шийдвэрийг гаргасан нь үр дүнтэй ажил болжээ. Тухайлбал энэ салбар хороогоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг сайжруулах. Тэдний дэлгэрэнгүй судалгааг гаргах, сургалт сурталчилгаа хийх, төсөл хөтөлбөрт хамруулахад нь дэмжлэг үзүүлдэг болжээ.
Завхан аймагт 4000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 40 орчим хувь нь тогтсон ажилгүй, орлогогүй байна. Харин 60 орчим хувь нь тодорхой хэмжээгээр хувиараа бизнес эрхэлдэг ч, тогтсон цалинтай, ажилтай иргэд цөөн байгаа аж. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа сургалт, хөтөлбөрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нээлттэй оролцуулж байгаа хэдий ч хамрагдалт бага байна.
Тухайлбал 2018, 2019 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга
хэмжээний хүрээнд аж ахуй эрхлэлтийн сургалтыг аймагтаа амжилттай зохион
байгуулсан ч эдгээр сургалтуудад аймгийн 24 сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэд,
залуучуудын 30 орчим хувь нь л хамрагджээ. Сургалтад хамрагдсан иргэдэд бизнесээ
эхлүүлэх, бизнесээ хөгжүүлэх төсөл хэрхэн бичих зөвлөгөө мэдээллийг дээрх
салбар хороо байнга өгдөг. Мөн ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй
хүний эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу протез, ортопед, тусгай хэрэгслийг
ахмад настан 247, хөгжлийн бэрхшээлтэй 27 иргэнд олгож, нийгмийн
халамжийн сангаас санхүүжүүлсэн тухай мэдээллийг аймгийн ХХҮГ-аас тус тус өглөө.