Фитнес, саунд ариутгал халдваргүйтгэлийг хоёр цаг тутамд хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн
Онцгой комисс хуралдаж зоогийн газар, ресторануудын ажиллах цагийн хуваарийг
22.00 цаг болгож, архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх шийдвэрийг хэвээр
үлдээжээ.
Тодруулбал Улсын Онцгой комиссын
шийдвэрээр COVID-19 цар тахлаас урьдчилан
сэргийлэхээр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд
зоогийн газар, ресторанууд оройн 20.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан
билээ. Мөн аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрт үндэслэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зарим
арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний
өдрийн А/174 тоот захирамж гарчээ. Захирамжид диско баар, караокены үйл
ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг хүчинтэй хэвээр байлгах. Харин зоогийн
газар ресторан, кафе, хүнсний дэлгүүр, худалдааны цэгүүдийн ажиллах цагийн
хуваарийг 22:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах. Зоогийн газар ресторан,
кафег өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байх хугацаанд архи, согтууруулах
ундаагаар үйлчлэхийг хориглох. Фитнес, бассейн, сауны үйл ажиллагааг 2020 оны
дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн явуулахыг зөвшөөрөх. Үйл ажиллагааг
явуулахдаа үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжих. Гар ариутгал, амны хаалтны хэрэглээг хэвшүүлэх. Ариутгал халдваргүйтгэлийг хоёр цаг тутамд хийж, нэг дор
10-аас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх. Мэргэжлийн байгууллагаас гаргасан
стандарт, зөвлөмж, шаардлагыг мөрдөж ажиллахыг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд
даалгалаа. Мөн сум, орон нутгаас Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ
аймгийн чиглэлд явах нийтийн тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн
хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас дөрөвдүгээр
сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоох. Хүндэтгэн үзэх шалтгаанаар
дээрх чиглэлд зорчих бол нотлох баримтаа бүрдүүлж хүсэлтээ гаргасан
иргэдэд нэвтрэх зөвшөөрлийн бичиг олгохоор болжээ.