Т.Уугантөмөр: Бид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайг шаардаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-27 17:06:59

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн нутагт сүүлийн хоёр жилийн хугацаанд нинжа нар орж газар орныг сэндийчин хулгайн олборлолт хийж иржээ. Гэтэл тухайн газарт "Шувуун хар уул" ХХК 2017 оны 12 дугаар сарын 28-нд MY 00021001 дугаар бүхий 1460 га газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах лицензээ авсан байжээ. Өдгөө тус компани олборлох үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд анх лиценз авахдаа нутгийн иргэдээс санал аваагүй аж. Өнөөдөр нутгийн уугуул иргэд мал сүргээ бэлчээх газар нутаггүй болж өөр аймаг сумын газар нутагт хэсүүчлэн амьдарч эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдсөөр байгаа аж. Тиймээс нутгийн малчин эмэгтэйчүүд эвлэлдэн нэгдэж бүлэг байгуулан тус компанийн үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж холбогдох албаныханд шаардлага хүргүүлээд байгаа билээ. Ингээд Завханмандал сумын малчин эмэгтэйчүүдийн “Эв нэгдэл” эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүн Т.Уугантөмөртэй уулзаж ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай багт уул уурхайн компани олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ? Тодруулахгүй юу?

-Тийм ээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө хайгуул хийлгэхгүй, ялангуяа жижиг нинжа нараас хамгаалж байна гээд Мандал багийн нутаг, Баянхайрхан гэдэг газрыг "Шувуун Хар уул" ХХК хамгаалалтад авлаа гэж тухайн газрыг хашиж хашаа барьж эхэлсэн. Тус компанийн эзэмшилд байсан юм байна лээ. Ингээд хамгаалалтад авах нэрээр уул уурхайн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Хөдөөгийн малчид бидэнд орон нутгийн төр захиргааны байгууллага, компанийн зүгээс тодорхой мэдээлэл өгдөггүй нь бидний мэдэх, оролцох, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Үүнийг манай нутгийнхан бүгд мэднэ. Тус компани өдөр шөнөгүй тэсэлгээ хийж бас том машинаар шороо зөөж байгааг өдөр бүр малчид харж байна. Өнөөдөр мал бэлчээрлэх газар нутаг хомсдож, их дуу чимээнээс үүдсэн стресс нэмэгдэж байна. Энэ газарт олон малчны өвөлжөө, хаваржаа байдаг. Малын гол бэлчээр нутаг юм.


-Малчид уул уурхайн компанийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа гэсэн. Тэд уул уурхайн эсрэг юу хийсэн бэ?

-Мэдээж бид хэрхэн оролцож, хяналт тавих, хариуцлагатай болгох талаараа мэдэхгүй байсан. Яг энэ үед эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын эмэгтэйчүүд ирж бидэнд “Хариуцлагатай уул уурхайг орон нутагт төлөвшүүлэхэд  эмэгтэйчүүдийн оролцоо манлайлал“ нэртэй сургалт, уулзалтуудыг зохион байгуулснаар мэдээлэлтэй болж эмэгтэйчүүд нэгдэн хамтран ажиллах болсон юм. Ингээд бид өнөөдрийн байдлаар орон нутгийн засаг захиргаа, уул уурхайн компаниас мэдэх эрхийн хүрээнд уурхайтай холбоотой бичиг баримт, орон нутгаас гарсан шийдвэр зэргийг олж авах, иргэдэд нээлттэй болгох зэргийг шаардан ажиллаж байна.

-Сумын шийдвэр гаргах түвшний удирдлагуудын оролцоо ямар байна вэ? Та нарыг дэмждэг үү?

-Үгүй ээ. Харин ч уул уурхайн компанийг дэмжээд малчдаа дарамтлаад байгаа шүү дээ. Гэрээ байгуулаагүй гэж бидэнд хэлж байсан боловч аль эрт 2019 оны 2 дугаар сарын 26-нд сумын Засаг даргатай гэрээ байгуулсан байсан. Энэ гэрээ нь эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүстэй уулзаж, сонсох ажиллагаа явуулаагүй илт хууль бус гэж бид үзэж байгаа. Учир нь Хамтын ажиллагааны гэрээг байгуулахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа нөлөөллийн бүсийн малчидтай орон нутгийн зүгээс нэг ч удаа уулзалт хэлэлцүүлэг хийж сонсох ажиллагаа явуулаагүй, иргэдэд энэ талаар мэдээлээгүй, сум болон багийн хурал зохион байгуулж иргэдээсээ нэг ч санал аваагүй шүү дээ. Тэгэхээр хууль бус биз дээ. 


-Тэгвэл эсэргүүцлээ ямар аргаар яаж илэрхийлсэн бэ?

-Компанийг талбайгаа хашиж, зарим нэг барилга байгууламжийг барьж эхэлж байх үед газар нутгаа хамгаалах зорилгоор малчид очиж эсэргүүцлээ илэрхийлж байсан. Дараа нь нэгэнт А зөвшөөрлөө авсан байсан тул уул уурхайн компани дээр очиж заавал байх ёстой бичиг баримттай танилцах гэсэн боловч биднийг хүлээж аваагүй. Мөн орон нутгийн Захиргааны байгууллагаас Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө зэргийг үзэх хүсэлт тавьсан ч сум орон нутгийн энэ асуудлыг хариуцдаг хүмүүс нь байхгүй. Мэдэхгүй гэсэн хариултыг бидэнд өгсөн. Ингээд бидэнд мэдээлэл авах боломж байхгүй байсан. Гэвч бид ТББ-ынхаа дэмжлэгээр олж авч үзэж судалсан.

Ингээд үзэхэд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийсэн "Хос санаа" ХХК нь нөлөөллийн бүсийг 250 метр газраар тогтоосон нь ил болсон. Мөн эрх ашиг хөндөгдөж байгаа бидэнд ямар ч нөхөн олговор тусгаагүйгээс гадна нөхөн сэргээх байгаль орчны тогтвортой байдлыг хангах тал дээр тодорхой зүйлүүд байхгүй байсан. Тиймээс бид цаашид энэ тал дээр анхаарч тэмцлээ өрнүүлэх болно. Ер нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийхдээ эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэдийн саналыг авч тусгаагүй нь тун харамсалтай юм. Энэ бүгдээс үүдсэн зөрчлүүд ч гарч байна яг одоо.

-Эсэргүүцэл илэрхийлэх үеэр чинь компанийн зүгээс та бүхэнд ямар хариу үйлдэл гаргаж байсан бэ?

-Ер нь хэл амаараа их айлгадаг, дарамталдаг. Улсын ажил, зөвшөөрөлтэй ажил хийх гэж байхад саад учруулсан гэж торгоно энээ тэрээ гэж дарамталдаг. Манай ажлыг тасалдуулсныхаа төлбөрийг та нараар төлүүлнэ гэж айлгадаг. 

-Ер нь танай багийн иргэд уул уурхайн үйл ажиллагааг яагаад эсэргүүцэх болсон вэ?

-Манай зэргэлдээх хоёр суманд уул уурхайн олборлолтын компаниуд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнээс харахад хөрсний эвдрэлд орж, усны ундарга багасаж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хангалтгүй хийж байгаа нь харагддаг. Мөн байгаль орчин доройтож байна. Малын бэлчээр хомсдож, мал тарга хүч авахгүйгээс гадна мал өвчлөх нь ихэссэн. Уурхайн бүсийн иргэд харшлын гаралтай өвчинд өртөх, эмэгтэйчүүдэд гэхэд нөхөн үржихүйн тал дээр асуудал гарч байгааг ярьдаг. Иймээс л эмэгтэйчүүд бид уул уурхайн компанийн үйл ажиллагааг орон нутагтаа хийлгэх сонирхолгүй байдаг.

-Уул уурхайн үйлдвэрлэл эхэлснээр танай орон нутагт ямар эерэг болон сөрөг өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Эерэг гээд хэлчихээр зүйлс одоогоор харагдахгүй байна. Ядаж л орон нутгаас ямар ч ажлын байранд хүмүүс ажилд аваагүй. Сум орон нутагт ямар хөрөнгө оруулалт хийж байгаа нь тодорхойгүй байна. Иргэдийн хувьд гэвэл уул уурхайн сөрөг нөлөөллийн талаар тодорхой ойлголтуудтай болж байгаа. Хариуцлагажуулах тал дээр хамтран ажиллаж эхлээд байна. Сөрөг нөлөөллийн тухайд малын бэлчээр хомсдож, уурхайн дуу чимээ, хүнд даацын тээврийн машинуудын өдөр шөнөгүй явах зэрэг нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байнгын стрессийг үүсгэж байна. Мөн уурхай нь сумын иргэдийн ундны усны гол хэрэгцээг хангадаг Хүнгүйн голоос 20-иодхон километр зайд байрлаж, алтаа ялгахдаа усаар угаана гэж байгаа нь усны гачаалд орох эрсдэл өндөртэй байна гэж бид эмзэглэж байгаа. 


-ТББ-тай хамтран ажилласан гэлээ? Хэрхэн яаж хамтран ажиллав?

-Манай малчин эмэгтэйчүүд нэгдэж “Эв нэгдэл” нэртэй эмэгтэйчүүдийн бүлэг байгуулсан. Завхан аймаг дахь CEDAW-WATCH төрийн бус байгууллага маань бидэнд уул уурхайг хариуцлагатай болгох талаарх олон сургалтыг явуулж хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулж, олон талын мэдээллийн дэмжлэг үзүүлж байгаа. Тиймээс бид орон нутгаас аймаг, сумын хуралд сонгогдсон төлөөлөгчид болон малчидтай хамтран дээрх компанийг хариуцлагажуулах, хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоох чиглэлд хүчээ нэгтгэн холбогдох газруудад гомдол гарган ажиллаж байна.

-Уул уурхайн компанийг хариуцлагажуулах зорилгоор эмэгтэйчүүд хамтран ажилласнаар ямар үр дүнтэй явж байна вэ?

-Эмэгтэйчүүдийн хувьд уул уурхай, байгаль орчны талаарх хууль эрхзүйн мэдээллээ нэмэгдүүлсэн. Жендерийн үр нөлөөний үнэлгээ гэж чухам юу болох талаарх мэдлэг, мэдээлэлтэй болсон. Ингээд жендерийн үр нөлөөний үнэлгээг илүү өргөн хүрээнд хийж сөрөг нөлөөллүүдийг илрүүлж, баримтжуулах арга барилд суралцаж байна. Аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх, хаана, хэнд, ямар асуудлаар хандах зэрэг наад захын ойлголтуудтай болсон шүү. Өнөөдөр манай эмэгтэйчүүдийн бүлэг нь Иргэдийн хурлын төлөөлөгчид, малчидтайгаа хамтран аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар, Завхан аймгийн Шүүх, Эдийн засгийн цагдаад хандаж санал хүргүүлээд байгаа. Энэ саналдаа Завханмандал сумын Баян хайрхан хэмээх газарт уурхайн зөвшөөрөл олгосон үйл явц, уурхайн үйл ажиллагаанд хяналт тавихыг хүссэн байгаа. Өнөөдрийн байдлаар саналыг хүргүүлж шийдвэрийг нь л хүлээж байна.

-Танд баярлалаа. Амжилт хүсье. 

Related news