Хархорин суманд дурангийн мэс заслыг хөгжүүлэх боломжтой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 09:02:39

Өвөрхангай аймагт болсон “Яаралтай болон мэс заслын тусламж” сургалтын үеэр сум дундын эмнэлгүүдэд мэс ажилбарыг жигдрүүлж чадвал аймгийн БОЭТ-д хийгдэж байгаа мэс ажилбарын ачаалал хөнгөрөх боломжтой, ялангуяа Хархорин сумын Сум дундын эмнэлэг нь ажиллах хүчний нөөц бололцоотой учир дурангийн мэс заслыг хөгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төв, АШУҮИС-ийн сургуулийн мэс заслын тэнхмийн багш нар, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран дээрх сургалтыг бүх сумдад зохион байгуулсан юм.

Энэ үеэр зарим сум дундын эмнэлгүүдэд дурангийн болон нээлттэй хагалгааг хийж, мэс заслын хагалгааны гардан үйлдэл бүхий дадлагажуулах сургалтыг мэдээгүйжүүлэх эмч нарт явуулжээ. Энэ үеэр сум дундын эмнэлгүүдэд давуу ба сул талууд байсныг аймгийн удирдлагуудад тайлагналаа.

Тухайлбал Хархорин сумын нэгдсэн эмнэлэг нь мэс заслын өрөөтэй, ариутгалын болон яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр хангагдсан зэрэг давуу талтай байсан ч суурин унтуулгын аппарат, амьсгалын аппарат, хэвлийн дурангийн хагалгааны аппаратнаас гадна мэс заслын их, бага иж бүрдэл, судасны хагалгааны багаж, соруулгын аппарат байхгүйгээс бэрхшээлтэй асуудал их гардаг болохыг дээрх мэргэжилтнүүд хэлж байв.

Уянга суманд 18 хүнд дурангийн болон нээлттэй хагалгааг хийж, 33 хүнийг сургалтанд хамруулсан байна. Тус сумын эмнэлэг мэс заслын эмчтэй, өрөөтэй, ариутгалын тоног төхөөрөмжтэй, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, түлэгч аппараттай байгаа нь сайн тал боловч мэдээгүйжүүлгийн иж бүрдэл, наркоз, амьсгалын аппаратгүй, хяналтын мониторгүй зэрэг тулгамдсан асуудал багагүй байгааг хэллээ.

Есөнзүйл сумын эмнэлэгт дээрх дутагдалтай байдал байгаа ч мэс заслын өрөөтэй, тасгийн зохион байгуулалт сайн, ариутгалын тоног төхөөрөмж болон яаралтай тусламжийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, түлэгч аппараттай зэрэг ололттой тал гэв.  

Өвөрхангай Б.Батчимэг

Related news