НҮБ-ын төслөөр Завханы 6700 гаруй хүүхдэд мөнгөн тусламж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/.
Энэ онд төслийн
хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж
байна. Өнгөрсөн оны 12-р сард гамшгийн эрсдэл
өндөртэй Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул сумын 0-5 насны 2800 хүүхэд тус
бүрт төслөөс 40 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм. Төслийн нэгдүгээр шатыг
Завхан аймаг амжилттай хэрэгжүүлсэн тул аймгийн Засаг даргын саналыг үндэслэн
хоёрдугаар шатны үйл ажиллагааг эхлүүлээд байгаа. Ингээд хөдөөгийн 23 сумын
6474 хүүхдэд энэ оны хоёр, гурав, дөрөвдүгээр сард тус бүр 20 мянган
төгрөг, нийт 60 мянган төгрөгийн мөнгөн тусламжийг хүүхдийн мөнгөний дансаар нь
дамжуулан олголоо хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
2020
онд 2.2 сая долларын гэрээ үзэглэжээ
Завхан аймагт
НҮБ-аас хэрэгжүүлж буй туршилтын төслийнхөө хэрэгжилтэд хөндлөнгийн
байгууллагаар тоон судалгаа хийлгэжээ.
Мөн
чанарын судалгааг давхар хийлгээд байгаа аж. Ажлын хэсгийнхэн аймгийн
удирдлагуудтай уулзаж төслийн хоёрдугаар шатны тусламжийн хэрэгжилтийн явц,
судалгааны урьдчилсан үр дүнг өнгөрсөн сард танилцууллаа. Судалгаагаар зорилтот
бүлгийн нийт өрхүүдийн 80 гаруй хувь нь мөнгөн тусламжийг 0-5 насны хүүхдэдээ зарцуулах
тухай мэдээллийг авсан байна. Мөн “Хүүхэд төвтэй, цочролд хариу үзүүлэх
нийгмийн хамгаалал туршилтын төсөл”-ийн ажлын хэсгийнхэн тоон судалгааг
дөрвөн суманд хийсэн байгаа. Тэд төслийн тоон болон чанарын судалгааг хийх, үр
дүнтэй танилцах, мэдээлэл цуглуулах зорилгоор Алдархаан, Тэлмэн, Тосонцэнгэл,
Их-Уул суманд ажилласан байна. Энэ үеэрээ дээрх сумдын удирдлагууд, хүүхдийн
мөнгөн тусламж үзүүлэхэд оролцогч талууд, тусламж хүртсэн хүүхдүүдийн эцэг
эхийн төлөөлөлтэй биечлэн уулзсан хэмээн аймгийн ЗДТГ-аас
нэмж мэдээлэв.
Ташрамд, Завхан аймаг 2017 оноос хойш олон улсын зах зээлээс 15
сая долларын санхүүжилтийг орон нутагтаа авч чаджээ. Тухайлбал НҮБ-ын “Хүүхдэд
ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 496 мянган долларын санхүүжилт
авсан. Харин 2020 онд 2.2 сая долларын хамтын ажиллагааны гэрээг үзэглэжээ.
Төслийн үр
нөлөөг малчдаас санал асуулгаар авч дүгнэнэ
Завхан аймагт “Малчдын
нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, цочролд бэлэн байх чадавхыг нэмэгдүүлэх нь”
төслийг 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Тус төслийг НҮБ-ын
төрөлжсөн дөрвөн байгууллага буюу Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын
хөдөлмөрийн байгууллага, Хүн амын сан, Хүүхдийн сан хамтран Завхан аймагт хоёр
жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа аж. Тус төсөл нь малчдын бизнес санал
санаачилгыг өргөжүүлж, тэдний орлогыг нэмэгдүүлэх. Хоршооны үйл ажиллагааг
дэмжих замаар тэдний нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг
нэмэгдүүлэх. Нийгмийн халамжийн тогтолцоог ашиглан малчин өрхийн байгалийн
гамшиг, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх. Цочролын дараах нийгмийн хамгааллын
үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Тухайлбал НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн
байгууллага малчдын хоршоодод байгаль, цаг уурын эрсдэлийг даван туулах
чадварыг нь бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх аж. Энэ төсөл амжилттай
хэрэгжихэд малчдын өөрсдийн идэвхтэй оролцоо хамгийн чухал гэдгийг төслийнхөн
онцолж байна. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас
Завханы өвөлжилт хүндэрсэн 16 сумын малчдын хотонд улсын нөөцийн цэг салбараас
өвс тэжээлийг хямдралтай үнээр хүргэхэд 48.6 сая төгрөгийн шатахууны
дэмжлэг үзүүлжээ. Дээрх хөрөнгө оруулалтын үр дүнг тооцох зорилгоор 80 асуулт
бүхий санал асуулгыг тусгай аппликейшнээр сум тус бүрийн 100 малчнаас цахимаар
авах юм байна.