З.Рэгзэдмаа: Монгол дээлийн үндсэн элементийг өөрчлөхгүйгээр брэнд болгох боломжтойг харуулахыг бид зорьж яваа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
selenge.t@montsame.gov.mn
2020-05-15 10:34:14

Үндэсний дээл хувцсыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж, дан ганц торго гэлгүй биед эвтэйхэн бүх төрлийн материалаар урлан олонд танигдаж чадсан брэнд бол “Ивээл”. Өв соёлын тод илэрхийлэл үндэсний монгол дээл хувцсаа сурталчлан залуус, өсвөр насныхны сонирхлыг хүртэл татаж, эх орондоо баялаг бүтээж буй “Ивээл” брэндийг үүсгэн байгуулагч  З.Рэгзэдмаатай уулзаж ярилцлаа.


- “Ивээл” брэнд бий болоод 3-4 жил болж байна. Бизнесийнхээ түүхээс яриагаа эхлэх үү? 

- “Ивээл” брэнд олонд танигдахаасаа өмнө 8-9 жил төслийн хэмжээнд явсан. Төслийн санхүүжилт авахаар хэд хэдэн удаа холбогдох санд материалаа өгч байсан боловч санхүүжилтийн хүрэлцээ дутмаг байсан гээд хоёр жил татгалзсан хариу сонссон юм. Олон бэрхшээлтэй нүүр тулж байж “Ивээл” брэнд маань 2017 онд үүсэн байгуулагдсан. Үүнээс өмнө бид бомбер, малгайтай цамц, жинс, чөлөөт загварын өмд  үйлдвэрлэдэг байлаа. Оёдлын үйлдвэрлэл түүхий эдээс 100 хувь хараат, онцлог салбар. Брэнд бий болгоход малгайтай цамц, бомбер, өмд үйлдвэрлэх нь оновчтой биш юм байна гээд 2016 онд үйлдвэрээ зогсоогоод судалж эхэлсэн. Гадагшаа хэд хэдэн оронд судалгаа хийгээд үзэхэд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол үндэсний хувцас л байдаг юм билээ. Хамгийн том баяр ёслолоороо хүмүүс үндэсний хувцсаа л бахархалтайгаар өмсдөг. Дээлийг огт өөр түвшинд аваачна гэж байхгүй, өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд юу шаардлагатай вэ гэж хоёр жил судалсан. Дээлийг боломжит бүхий л материалаар, бараг л OO-ийн цаас, гялгар уутнаас бусдаар л хийж үзсэн байх. Европ хувцастай хослуулж өмсөхөд орчин үеийн хэв шинж талаасаа, хотын залуусын өдөр тутмын хэрэглээ болгоход материалын хувьд маш асуудалтай байсан. Тиймээс хамгийн түрүүнд үндсэн хэв шинжийг нь өөрчлөхгүйгээр маш олон төрлийн материалаар хийж үзсэн. Үндсэн хийцийг нь эвдээгүй нь манай брэндийн давуу тал байсан. Анх хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө энэ бизнесийг эхлүүлэхэд хүн болгон л “Заавал яагаад дээл гэж, дэмий юм биш үү” гэж хэлж байсан боловч бичигдсэн төслийнхөө дагуу төлөвлөлтөө хийгээд ирэхэд гуравхан жилийн дотор брэнд маань багагүй өссөн. Нэг үеэ бодоход залуучууд дээл өмсөх сонирхолтой болсон шүү. Үндэсний хувцас үйлдвэрлэдэг дагуул олон гоё үйлдвэр нэмэгдэж байна. “Ивээл” брэнд үүсгэн байгуулагдсанаасаа хойш “Үндэсний үйлдвэрүүдийг дэмжье, өв соёлоо хайрлая” гэсэн үндсэн зорилготой ажиллаж байна. Энэ бизнесийг анх эхлэхэд хөрөнгө оруулагч надад байсангүй. Над шиг бүгдийг тэгээс нь эхлээд явж байгаа залуучуудад боломж олгосон банк бол ХААН Банк. ХААН Банктай би бизнес эхэлсэн жилээсээ өдийг хүртэл 13-14 жил тогтвортой харилцаад явж байна. Хамгийн сүүлд энэ онд үйлдвэрийн байр худалдан авахаар ХААН Банкнаас зээлийн санхүүлжилт авсан. 


-Танай брэнд олонд багагүй танигдсаны жишээ нь хотод нэлээд олон салбартай байх аа. Орон нутагт дэлгүүр бий юү?

-Манайх найман салбар дэлгүүртэй. Дархан, Эрдэнэтэд үндсэн салбар бий. Хэдий цар тахал гарч, дэлхий даяар тархсан ч авууштай нь бид дотооддоо алдаагүй байна. Коронавирусийн хөл хорио тогтоохын  өмнө буюу саяхныг хүртэл 100 гаруй ажилчинтай байсан. Өмнө нь бол үйлдвэр муу ажиллавал, борлуулалт буурвал өөрийгөө буруутгаж, юун дээр би алдчихав гэж дүгнэлт хийдэг  байсан. Давагдашгүй хүчин зүйл гэдгийг энэ оноос л мэдэрлээ. Бид хэчнээн хичээгээд, маркетинг хийж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гээд коронатай холбоотойгоор зах зээл хумигдаж байгаа болохоор эрсдэлээ бодоод түр хугацаанд 60 хүртэлх ажилчдаа амраачихаад байна. Гэхдээ борлуулалт хэсэг зуур уналаа гээд бизнес зогсоно гэсэн үг биш. “Гоо ивээл”, “Ээлтэй ивээл” дагуул төслүүдээ бид 2, 3-р сард амжилттай эхлүүлсэн. Эдгээр төслөө хөгжүүлээд, ядаж маскаа дотооддоо үйлдвэрлээд 100 хувь хангах бололцоог бүрдүүлэхээр зорьж байна.


-Коронатай холбоотой бизнесүүд хариу, урвал арга хэмжээ авч, онлайн худалдаа, хүргэлт хийж, зарим нь бизнесийнхээ үйл ажиллагаа, чиглэлийг өөрчилж байна. Танайх ямар алхам хийж байна вэ?

-Бүх бизнес богинын, дундын, уртын гэсэн төлөвлөлтийн дагуу явдаг. Гэвч давагдашгүй хүчин зүйл, цар тахлын нөлөөнөөс үүдэн бид 2-р сарын сүүлчээр стратегиа бүрэн өөрчилж батлан үйлдвэрлэл, маркетинг, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн. Энэ цаг үед бүхий л бизнес, аж ахуйн нэгж алдагдал хүлээх нь нэгэнт тодорхой болоод байна. Тэр нөлөөллийг яаж бууруулах вэ, алдагдлыг ашигтайгаар яаж эргүүлэх вэ гэдэг зарчим баримтлаад ажиллаж байна даа. Тухайлбал, бид сошиал контентдоо маш сайн анхаарч, онлайн худалдаагаа эрчимжүүлэхээр захиргааны хэлтэстээ төлөвлөлтийн шинэ баг гаргасан.


-Амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн гэж ярилаа. Бараг дэлхий даяараа хамгийн эрэлттэй бизнес болоод байх шиг. Танай маск юугаараа онцлог вэ?

- Оёдлын холбоотой хамтраад бид ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу стандартын шаардлага хангасан, ариутгасан, “Ивээл” брэндийн лого, зурагтай даавуун маск үйлдвэрлэж байна. Энэ маскнууд маань маш эрэлттэй байгаа шүү. Хамгийн гол нь гадуур зарагдаж байгаа нэг удаагийн масктай адилхан үнэтэй. Олон дахин хэрэглэж болохуйц, мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж буйгаараа онцлог. Үүнээс гадна “Гоо ивээл” төслийн хүрээнд бид охидод зориулсан толь, тэмдэглэлийн дэвтэр, жижиг цүнх, толины багц худалдаанд гаргаад байгаа. Үндэсний хувцсыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд өсвөр насны хүүхдүүдэд дээл өмсүүлэх л хамгийн хэцүү даваа болчихоод байгаа. Дунд эргэм, түүнээс дээш насныхан нааштай хүлээн авч үндэсний дээл хувцсаа өмсөх дуртай байдаг. Тиймээс өсвөр насны охидод соёл, хэрэглээгээр нь дамжуулж дээлийг сурталчлаад яваандаа хэрэглээнд нь нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа юм.


-Өөрийнхөө талаар танилцуулаач, ямар мэргэжилтэй вэ?

-Би Анагаахын их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн. Оёдлын машин ашиглаж, дээл оёж сурахыг үнэхээр хүсдэг боловч би төсөл сайн бичиж, түүнийгээ хэрэгжүүлдэг талын л хүн шиг байгаа юм. Оёж эсгэж чадахгүй мөртлөө “Ивээл” брэндийг яаж энэ хэмжээнд хүргэж амжилттай ажиллаж байгааг хүмүүс гайхаж магадгүй. Энэ бол маш олон жилийн судалгаа төлөвлөлтийн үндсэн дээр бий болсон бизнес. Би өмнөх жилүүдэд Abigail Jeans гээд франчайзын бизнес хийдэг байсан. Олон орны үйлдвэрлэгчидтэй уулзаж үйлдвэрээр нь очиж захиалгаа өгнө. Дандаа миний үеийн залуучууд. Гэр бүлийн, өвлөж авсан бизнес, эсвэл нь үйлдвэрээ өөрөө байгуулсан тэр залуус маш олон тооны, олон саяын захиалга авдаг байсан л даа. Би малгайтай цамц, бомбер үйлдвэрлээд дэлхийн том үйлдвэрлэгчдийг хэзээ ч давж гарахгүй гэдгийг 100 хувь ойлгосон. Тэгээд ч би ер нь хэдий болтол хятад, турк, солонгос үйлдвэрлэгч нарт мөнгөө тушаах юм бэ гэж бодсон. Тиймээс л өөрөө брэнд бий болгохоор зорьж өдий хүртэл зүтгэж явна даа.


-Танай бизнест юу хамгийн чухал вэ?

-Мэдрэмжтэй, бас хурдтай байх хэрэгтэй. Брэнд бий болгоход үнийн бодлогыг чанд баримтлах нь чухал. Дээлийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлье гэчихээд 500 мянган төгрөгийн дээл хийвэл хэн авах юм бэ. Тэгэхээр энэ цаг үед бид үнэ өртгийн асуудлыг нэн түрүүнд бодох ёстой. Бүтээгдэхүүн маань дундаж үнэтэй байвал боломжийн үнээр авсан монгол хувцсаа монгол хүн өмсөөд гудамжаар явж байвал тэр л бидний давуу тал. Зах залгаад л үндэсний хувцас гэж хэлж болохгүй биз дээ. Ирээдүйд бидний хүүхдүүд тийм хувцастай явж байвал яах вэ. Манай үндсэн уриа дээлийн үндсэн элементийг өөрчлөхгүйгээр брэнд болох боломжтойг харуулахыг зорьсон. Дэлхий дахинд трэнд болж байгаа загварын хувьслуудыг дээлийн элементүүдэд бага багаар шингээж өгсөн. Бид Монголд анхдагчаар маш олон технологи нэвтрүүлсэн. Жишээ нь, угааж индүүдэж болдог, үслэг, наалддаг шигтгээнүүд байна.


-Дээлийг дунджаар ямар үнэтэй худалдаж байна вэ?

-Манай хамгийн үнэтэй, гар ажиллагаа ихтэй дээл л 175-195 мянган төгрөг. Цамц 55 мянга, футболка 25 мянган төгрөг шүү дээ. Одоогийн нөхцөлд ашиг олъё гэвэл маш өндөр үнээр зарж, маркетинг хийж болно. Бид тэгэхийг хүсээгүй, урт хугацаанд бизнесээ хөгжүүлэх үүднээс маш бага ашиг дээр төлөвлөлт хийгээд явж байна. 10, 20, 30 жилийн дараа ч “Ивээл” брэнд байх ёстой гэсэн төлөвлөлт хийсэн учраас үнийн бодлого, бизнесийн ёс зүй баримталдаг, брэндинг, маркетингдаа их анхаардаг...


-Өөрийн брэндтэй ижил төстэй дээл, хуулбарыг нь хаа нэгтээ олж харах тохиолдол бий биз?

-Өө маш их таарна. Монгол хүн подваль хөлслөөд ч болсон монгол дээлээ оёод, эсгээд сууж байна гэдэг нэг бодлын их өег санагддаг. Сүүлийн үед манай брэнд “Urban Jeans”-тэй хамтарч ажиллаж байгаа. Энэ зах зээлд бид нэгдэж, хамтарч үйл ажиллагаа явуулж байж хамтдаа хүчтэй байна уу гэхээс бие биенээ үгүйсгээд, гуравхан сая хүнтэй зах зээлд хэзээ ч амжилт олж чадахгүй. Тиймээс ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэдээ уриалга гаргаад, зөв мессеж хүргэхийг зорьж манай хоёр брэнд хамтарч эхэлсэн.


-Ивээл брэндийн нэрийг хэрхэн сонгосон бэ?

-Миний охины нэр л дээ. Одоо гурван настай. Анх төсөл маань өөр нэртэй байсан юм. Тэр нэрээр нь явмааргүй санагдаад нөхөр бид хоёр нэр өгөх гэж их удаан ярьсан. Дээж бүтээгдэхүүнүүд маань гарчихсан, логогоо хийх болчихоод байтал манай нөхөр “Ерөөсөө хоёулаа охиныхоо нэрийг өгье. Хоёулаа ивээл жилтэй, амьдрал бидэнд ивээлээ харамгүй хайрласан болохоор “Ивээл” гэдэг нэр өгчихье” гэсэн. Надад ч бас таалагдаад, тэр өдрөөс хойш энэ нэрээр нэрлэсэн дээ. Энэ бол 100 хувь гэр бүлийн бизнес. Анх бизнесээ эхлэхдээ бусдаас нэг ч төгрөг аваагүй. Залуучууд, хамт олондоо би хэлдэг юм. Залуу хүн хүсэл тэмүүлэлтэй, зорилготой төлөвлөлттэй зүтгэвэл амьдрал өгөөжөө өгдөг гэж. Түүнээс биш би чадахгүй, би мөнгөгүй, туслах дэмжих хүнгүй гээд бүх юмны ард суугаад байх юм бол хэзээ ч амжилтад хүрч, хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атгаж чадахгүй. Залуучууд ажлыг жаргаж хийгээсэй, зовон зовон хийх шаардлагагүй гэж боддог.


-Нээрээ нэг зүйл сонирхож асуухад үйлдвэрээс гарч буй тэр их даавууны өөдсийг та бүхэн яадаг вэ?

-Үйлдвэрлэл их том массаараа явахаар маш их хог хаягдал гардаг. Монгол дээлийн онцлог нь том том детальтай болохоор ихээхэн хаягдал, өөдөс гардаг. Тэдгээрийг шууд шатаачих юм уу,  хаяж болдоггүй. Үүнээс улбаалаад бид “Ээлтэй ивээл” гэж төсөл бичсэн. Энэ маань яг энэ цаг үед “Ивээл” брэндийг бүтэн авч явж байгаа төсөл болж өргөжсөнд маш их баяртай байгаа. Өөрөөр хэлбэл, бид импортыг орлох бүтээгдэхүүнийг өөдөс ашиглан хийж байгаа юм. “Ээлтэй ивээл” төслийн хүрээнд үсний боолт оёж, 500 төгрөгөөр худалдаалж байна. Гадуур худалдаанд Хятадаас орж ирсэн нь 5000, БНСУ-ынх нь 10 мянгаар зарагддаг шүү дээ. Мэргэшсэн оёдолчид биш, шинээр хүн сургаж авч ажиллуулан цалинг нь өгөөд оёдол зааж өгдөг юм. Тэртэй тэргүй хаягдах өөдсөөр бид импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлээд 9-20 дахин хямд зараад, дээрээс нь залуучуудыг ажилд сургаж, цалин өгч байна. Энэ бол ашгийн төлөө бус, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил. Өгөөжтэй дагуул төслүүдийн нэг, маш амжилттай явж байгаа. 

Related news