Эрчим хүчнийхэн сургалтанд хамрагдан мэдлэгээ дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-06 16:48:01

Дулаан үйлдвэрлэгч ААН-ийн төлөөллүүдийг оролцуулсан сургалт, зөвлөлгөөн боллоо. Өвөрхангай аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулаан, эрчим хүч үйлдвэрлэгч, дамжуулагч, түгээгч аж ахуйн нэгжүүдийн захирал, нягтлан бодогч, хөдөлмөрийн болон техникийн аюулгүй ажиллагаа хариуцагч нарын хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулсан байна.

Энэ үеэр дулааны эрчим хүч үйлдвэрлэгчид зуухны техник технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж, байгаль орчинд хаях утааны хийн хэмжээг багасгах, ажилтан ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, тэдэнд олгох хөдөлмөрийн хөлсийг эрчим хүчний салбарын ажиллагсдын хэмжээнд хүргэх, дулааны үнэ тарифыг бодит өртөг зардалд ойртуулах зэрэг олон санал асуултыг тавьж хэлэлцсэн юм.

Мөн Эрчим хүчний зохицуулах зөвлөл болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны үр дүн цаашид анхаарах асуудал, аймгийн эрчим хүчний бодлогын хэрэгжилт, хөдөлмөрийн болон галын аюулгүй байдал, ажлын байрны эрсдлийн үнэлгээ, хүний эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлж байгаа нөлөө, шийдвэрлэх арга зам зэрэг олон сэдвээр мэдлэг нэмж, мэдээлэл авчээ. 

Өвөрхангай Б.Батчимэг

Related news