Хөвсгөлд “Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд- нэг сувилагч аян” эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Олон улсын сувилагч, дунд мэргэжилтнүүдийн өдрийг тохиолдуулан “Нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд- нэг сувилагч аян”-ыг өрнүүлж байна.
Аяны хүрээнд сувилагч бүр нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хариуцан аав ээжид нь хэрхэн асран хамгаалах талаар зааж зөвлөх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ хүргэх, тухайн хүүхэд хөгжих ямар боломж байна тэр тал дээр нь суурилан хөгжүүлж нийгэмшүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломж нөхцөлийг хангах зэрэгт анхааран ажиллах гэнэ.
Тус аймгийн хэмжээнд 1900 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг бөгөөд 31 багт 578 сувилагч, дунд мэргэжилтэн 578 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрч үйлчлэн мэдээлэл арга зүйгээр ханган ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа