Сумын ЭМТ-ийн лабораториор 3100 гаруй иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-26 11:05:21

Завхан /МОНЦАМЭ/. Тэс сумын Эрүүл мэндийн төвөөр өнөөдрийн байдлаар 6700 гаруй иргэн үйлчлүүлж COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалтны хэрэглээ, гараа ариутгаж угаахын ач холбогдол зэргээр мэдээлэл зөвлөгөө авчээ. 

Өнгөрсөн онд эрүүл мэндийн төвөөр 7458 иргэн үйлчлүүлж урьдчилан сэргийлэх үзлэгт 3276 иргэн хамрагдсан байна. Харин 267 иргэн хэвтэн эмчлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 399 дуудлага хүлээн авсан байна. Үүний 172 нь алсын дуудлага, 227 нь ойрын дуудлага байна. Дуудлагын ихэнх хувийг зүрх судасны өвчин, жирэмсний дуудлага эзэлдэг. Мөн умайн хүзүү, хөхний хавдрын үзлэгт 103 эмэгтэй үзүүлж зөвлөгөө авч дараагийн шатлалын эмнэлэгт шилжсэн байна. Сумандаа лабораторийн шинжилгээнд 3122 иргэнийг хамруулаад байгаа. Аймгийн төвөөс алслагдсан сумын хувьд сумандаа шээс болон цусны, эхо, биохимийн анализаторын шинжилгээг авч байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж зардал мөнгийг хэмнэсэн ажил болж буй юм. Мөн 0-5 насны 240 хүүхдээс 192 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулж, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтийг сайжруулж байгаа тухай Тэс сумын Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв.

Хүүхдийн дархлааг нь дэмжих эмчилгээг түлхүү хийдэг

Тэс сумын Эрүүл мэндийн төвийн дэргэдэх хүүхдийн сувилал ирэх сараас эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлнэ.  

Хүүхдийн сувилал жил бүрийн 6-8 дугаар сард 0-3 насны  суурь өвчтэй, өвчлөх эрсдэлтэй хүүхдүүдийг гурван ээлжээр хүлээн авч эмчилдэг байна. Эмчилгээг 10 хоног шар сүү, айргаар арчих, тосон болон сүүн иллэг массаж, толгойн бариа, элсэн дээр тоглуулах, наран шарлага, агаарт гаргах усаар чийрэгжүүлэх, хоол эмчилгээ, витаминжуулж, шаардлагатай хүүхдүүдэд эмийн эмчилгээг хийдэг ажээ. Ялангуяа хүүхдийн дархлааг нь дэмжих эмчилгээг түлхүү хийдэг аж. Анх 2013 оноос эхлэн өөрсдийн санаачилга, нөөцөд тулгуурлан хүүхдийн сувилал нээн ажиллуулсан нь олон эцэг эхийн талархлыг хүлээгээд зогсохгүй сумандаа хүүхдийн суурь өвчлөлийг багасгаад буй юм. Сүүлийн гурван жил тус суманд хүүхдийн томуу төст өвчний дэгдэлт аймгийн дунджаас бага гарчээ. 

Related news