Завханд айл бүр нэг мод тарина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн таван суманд "Айл бүр нэг мод" уриатайгаар мод тарих аян
өрнөж өнөөдрийн байдлаар 790 гаруй суулгацыг иргэд хашаандаа суулгаад байгаа
аж.
Сум
бүрийн ЗДТГ, байгаль хамгаалагчид хариуцан иргэдэд гурваас таван настай улиасны
1,5-2,5 метрийн өндөртэй суулгацыг үнэгүй өгчээ. Иргэд суулгац үнэгүй авахдаа тухайн
сумынхаа тамгын газарт бүртгүүлэх.
Хашааныхаа баруун урд хэсэгт мод тарих нүхээ
ухаж бэлдсэн байх. Хар шороо, бууц бэлдсэн байх ёстой ажээ. Суулгац авах иргэн
бүрд нэгээс хоёр суулгацыг үнэгүй өгч байгаа бөгөөд модоо арчилж тордож сайн
ургуулсан иргэдийг урамшуулах аж. Ирэх жил хашаандаа тарьсан суулгацыг
мэргэжлийн хүмүүсийн зөвлөснөөр тордож ургуулсан иргэн бүрд өөрсдийнх нь хүссэн
жимсний модны суулгацыг үнэгүй олгох юм байна. Энэ жил аймгийн хэмжээнд 20 гаруй
мянган мод тарьж ургуулахаар төлөвлөжээ.
Мод
үржүүлгийн газрын тарьц суулгацын
хэмжээг нэмжээ
Завхан аймагт ойг хамгаалах, нөхөн
сэргээх чиглэлээр өнгөрсөн жил 140 гаруй сая төгрөг зарцуулжээ.
Энэ хүрээнд "Миний гоё сум" аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж 70,0 сая төгрөгийн санхүүжилтийг сумдад олгон хашилт хамгаалалт, арчилгаа усалгааны зардал, тарьц суулгац зэргийг хийсэн байна.
Мод үржүүлгийн газрын тарьц суулгацын тоо ширхэг, төрлийг нэмэгдүүлэн улиас, бургас 10 мянга, үхрийн нүд, голт бор, шар хуайс, монос зэрэг мод бутыг тарьж ургуулжээ. Түүнчлэн ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр чиглэлд гурван удаа сургалт сурталчилгаа хийж зурагт хуудас, гарын авлага, тараах материалыг иргэдэд тараасан байна.
Мөн өнгөрсөн жил Монгол
Улсын Засгийн газрын ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөс
30.0 сая төгрөгийн хөрөнгөөр Их-Уул сумын Цэцүүх багийн нутагт 150 га талбайд
ойн цэвэрлэгээний ажлыг хийгээд байна. Ойжуулалтын ажлыг 10 сая төгрөгийн
хөрөнгөөр 14 га талбайд хийжээ. Харин ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг орон
нутгийн төсвөөс 10.0 сая төгрөгийн хөрөнгөөр хийжээ. Мод үржүүлгийн газрыг
эрчим хүчний эх үүсвэрээр хангаад буй мэдээллийг аймгийн БОАЖГ-ын ойн асуудал
хариуцсан мэргэжилтэн тус тус мэдээлэв.