Бан Ги Мүн: Цагаачид нь өөрсдийг нь хүлээн авч буй орнуудын хөгжилд дэм болдог

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-09 19:23:50

МАДРИД. /TASS/. “Дүрвэгсэд болон цагаачид нь өөрсдийг нь хүлээн авч буй улс орнуудын хөгжилд тус дэм болж байдаг” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Паис” сонинд нийтэлсэн өгүүлэлдээ онцлон дурджээ.

Тэрбээр цагаачлалын хямралтай тэмцэхэд үр дүнтэй хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо. “Дүрвэгсэд бол аюул занал учруулдаггүй, харин өөрсдийг нь хүлээн авч буй орнуудын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байдаг. Шинээр ирж буй хүмүүсийн дасан зохицох нь хэдийчинээ хурдан байх тусам тэдний нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмэр нь төдийчинээ их байдаг” хэмээн НҮБ-ын тэргүүн дүгнээд “дүрвэгсдийг үл тэвчих, ялгаварлан гадуурхах үйлдлээс татгалзахыг” уриаллаа.

“9 дүгээр сарын 19-нд Нью-Йоркт болох Ерөнхий Ассамблейн чуулганаар дүрвэгсэд болон цагаачидтай холбоотой асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох ёстой. Ийм учраас дэлхийн улс орнуудын удирдагчид энэ чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх үүрэг хүлээнэ” гэдгийг Бан Ги Мүн сануулжээ. 

“Түүхийн бүхий л үеийн туршид хүмүүс нэг газраас нөгөөд өөрсдийн хүслээр эсвэл албан хүчээр шилжин суурьшсаар ирсэн. Эл байдал ойрын ирээдүйд ч үргэлжлэх төлөвтэй” гэж тэрбээр  дурдаад “дэлхийн хамтын нийгэмлэгийн үүрэг бол хяхан хавчилт, хүчирхийллээс зугатаж буй хүмүүсийг авран хамгаалах явдал мөн” гэдгийг онцоллоо.

Цагаачлалын хямралыг аль нэгэн улс орон ганцаараа сөрөн зогч чадахгүй гэдгийг Бан Ги Мүн сануулаад “хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохицуулахтай холбоотой олон улсын тогтолцоог бэхжүүлэх, хүний эрхийг чандлан сахих, цагаач иргэдийг хамгаалах нь чухал” гэдгийг тэмдэглэн хэлсэн байна.

Дашрамд дурдахад, Олон улсын цагаачлалын байгууллагын төлөөлөгч Жоэл Миллманы мэдээлснээр, он гарснаас хойших хугацаанд Газар Дундын тэнгисээр дамжин Европ тивд 179 мянга гаруй хүн нэвтэрчээ.   

Х.Сарнай

 

 

 


 

Related news