Л.Билэгт: Монгол хүний стандартыг 10 000 хүний бие, нүүрний хэмжээг авч тогтоосон

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nyamaa@montsame.gov.mn
2020-06-09 09:27:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ерөнхий хэл шинжлэлийн гарамгай онолч Шадавын Лувсанванданы мэндэлсний 110 жилийн тэгш ой өнөө жил тохиож байна. Түүний отгон хүү,  хүн судлаач, доктор Л.Билэгттэй ярилцлаа.


- Хэдийгээр хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа боловч үр хүүхэд, шавь нараас нь их эрдэмтний тэгш ойг ёслон тэмдэглэх төлөвлөгөө гаргасан уу?

- Хүсэл  бол зөндөө  байна. Уг нь сайн, том үйл ажиллагаа зохиох бодол байх л юм. Манай гэр бүлийнхнийг толгойлдог хүн бол том эгч Л.Маналжав маань шүү дээ. Эгчид маань санаж төлөвлөсөн зүйлс байгаа байх. Мэдээж эрдэм шинжилгээний хурал хийж таараа, тэр бол хамгийн сайхан шүү дээ.


- 100 жилийн ойгоор нь их эрдэмтний “Цагаан ном” хэмээн алдаршсан Монгол хэлний зүйгээс авахуулаад бүтээлийн чуулган болгож 12 боть гаргасан байсан?

- Миний хувьд, өөр мэргэшилтэй болохоор аавын хэл шинжлэлийн бүтээлүүдийг сайн ойлгодоггүй л дээ, үнэндээ. Харин 1976 онд хэвлүүлсэн “Нагаржунайн найман үгүйсгэл”-ийг тайлбарласан матьямаха буюу дундад үзлийн тухай өгүүллийг нь олон удаа уншиж байж аавын философи ухааныг ойлгосон. Ийм сайхан бүтээл гаргаснаараа өндөр гэгээрэлд хүрсэн гэж би итгэдэг.

Найман үгүйсгэлдээ бүх ертөнцийг философийн үүднээс тайлбарласан. Нийгэм, хүн төрөлхтний түүх, бүх оюун санааны хөгжлийн явц, тэр дотроо хэл шинжлэл гээд л бүгдийг багтаасан байдаг шүү дээ. Хийсвэр болон материаллаг бүх л талаас нь авч үзсэн байгаа юм. Дорнын философийн гүнзгий замаар явсан учраас эрдмийн ажил нь тийм гүнзгий болсон гэж боддог. Энэ бүтээл нь надад ч нөлөөлсөн. Би тэгээд үүнийг нь түүх бичлэгт ашиглавал маш гоё хэвэнд орно доо гэж үздэг. Зүй тогтол, материаллаг хийсвэр зүйл нь гээд л...

Ер нь, Буддизм гэдэг бол нарийн яривал шашин биш философийн сургаал юм. Хүн гэгээрч, түүнийгээ сургаал болгож түгээгээд, олон зуун сая хүнийг дагуулсан.


- Таны бодлоор, гэгээрэлд хүрнэ гэдгийг хэрхэн ойлговол зохистой вэ?

- Бясалгал, төвлөрөл, оюун санааны задрал ч гэж хэлэх юм уу даа. Манай лам нар бол авиагаар үйлдэж байна. Авиагаар дамжиж оюун ухааны задралд ордог. Монголын том лам нараас гэгээрсэн хүн олон байсан. Далай багш хүртэл үнэлж хэлсэн байдаг шүү дээ.

Академич Д.Төмөртогоо багш аавын маань хайртай шавь л даа. Тэрээр Далай багшид бараалхаж ирчихээд аавтай хуучилж байсан удаатай. Би тэр үед хүүхэд байсан, дэлдийчихээд л чагнаж суулаа. Д.Төмөртогоо багш Далай багшид бараалхах гээд дугаарлаж зогсож л дээ. Гэтэл Монголоос хүн ирснийг дуулаад дугаар алгасуулан шууд л хүлээн авч уулзсан юм билээ.


Уулзаад хувийн яриандаа Далай багш “Бурхны шашныг Төвөдөөс авсан боловч танай халх Монголын лам нар эргүүлээд багшилчихсан юм шүү. Лхаст төвөд, монгол гээд хоёр дацан байсан. Энэ хоёр дацан дагсал хийх буюу хоорондоо ном хаялцахад сүүлийн 100 – гаад жил дандаа монгол дацан дийлж байсан” хэмээсэн байгаа юм.


 

- Ш.Лувсанвандан багшийг гуравхан жилийн боловсролтой гэж  яригддаг нь ямар учиртай юм бэ. Монголын ерөнхий хэл шинжлэлийн гарамгай онолч энэ том эрдэмтэн яаж гурван жилийн боловсролтой байх билээ?

-Аав маань “Рабфак”-т 3 жилийн курс дуусгасан. Тэр бол дайны үе, өлсгөлөн нүүрлэсэн байсан. Тэгээд өлсөхийн эрхээр тэсэхээ байгаад хүрээд ирсэн гэдэг. Монголд ч бас тэр үед өлсгөлөн болсон гэж ярьдаг юм. Тэр нь бол гурил будаа тасарсан юм шиг байгаа юм. Ер нь бол монголчууд маань таван хошуу малынхаа ачаар хэзээ ч өлсөхгүй ард түмэн гэж бодогддог. Би ер нь нүүдлийн мал аж ахуйг их шүтдэг хүн. Манай өвөө, элэнц өвөө нар гарамгай адуучид байсан. Адуунд дуртай, адуу ихтэй улс байсан.


- Ш.Лувсанвандан гуай эхээс хэдүүлээ юм бэ?

- Аав маань айлын том нь,  3 эрэгтэй дүүтэй. Аавыг авга ах Мигэр нь өргөж авч өсгөсөн. Тиймээс нутагт нь Мигэрийн Лувсанвандан гэдэг байсан. Гурван дүү нь адуунд үнэхээр гарамгай хүмүүс байсан юм билээ.


-Тэгэхээр Лу багш гэрээсээ ганцаараа номын мөр хөөсөн юм байна, тийм үү?

-Тийм ээ, аав маань ганцаараа номын мөр хөөж л дээ. Мал дагах нь битгий хэл, бүр өөрөө, адуунаас их айдаг гэж ярьдаг байсан (инээв).


-Харин та бол айлын голомт залгасан отгон хүү. Бусдаасаа арай онцлогтой байх. Таныг Лу багш эрхлүүлдэг байв уу?

- Ээж л намайг эрхлүүлнэ. Би ээжийн хормойноос л зүүгдэж өссөн. Дэндүү  эрх өсчихсөн хэрэг шүү дээ. Харин аав намайг битгий эрхлүүлээд бай гэдэг байлаа. Надад их санаа зовдог байж дээ гэж хожим би ойлгосон.


- Ш.Лувсанвандан гуай ямар хүмүүстэй найзалж нөхөрлөдөг байсан бол, танайхаар олон хүн ирдэг байв уу?

- Манайд их цөөн хүн ирнэ ээ. Өөрөө ч гэрээс гарахгүй, ирдэг хүмүүс нь Ц.Дамдинсүрэн гуай, Чойжоо багш. Чойжоо багш ирэх бүртээ надад баавгайтай чихэр авчирч өгдөг сөн. Бүр чихэр аваад сурчихсан байж билээ. Ц.Дамдинсүрэн гуай манайд ирж хоол идэх дуртай, аав ч их дуртай хүлээж авна. Орос эхнэр нь ээжид ярихдаа, “Залуудаа миний хийсэн бүх л юмыг иддэг байсан. Одоо ер идэхээ байсан” гэж гомдоллож байсан сан.

 

- Тэр том эрдэмтдийн яриа ч ёстой сонин содон, их сайхан байсан биз, та жишээ болгож ярьж болох уу?

- Тэд хэл шинжлэл, философи, түүх ярих дуртай. Би тэр түүхэн сэдвийн ярианаас нь болоод түүхэд дурласан байх. Маш ховор нандин номууд олж үзсэнээ ярьж байж дээ гэж одоо боддог. Үнэхээр сонин содон гоё юм ярьцгаадаг сан.

Нэг удаа Ц.Дамдинсүрэн гуай, Чингис хаан “Цагаадай дэндүү хэрцгий, харин Өгөөдэй зөөлөн тайван” гээд Өгөөдэйг сонгож байж гээд л,  хаанаас ч юм олж харснаа ярьж байсан. Тэр үед улсын зардлаар хөдөө айлуудаар явж хуучны ном цуглуулдаг байсан. Ц.Дамдинсүрэн гуайд нэг өвгөн бүр тал ачааны машин ном үнэгүй өгч байсан гэсэн шүү. Түүнийг нь Шинжлэх ухааны академийн номын санд хүлээлгэн өгч байсан юм билээ.


- Та эхээс зургуулаа гэдэг дээ. Ер нь ямар ямар мэргэжил эзэмшицгээсэн бэ?

-Том нь Маналжав эгч, хятад хэлний мэргэжилтэй. Хоёрдахь нь Оюундэлэг эгч,  Н.В. Ломоносовын нэрэмжит их сургуулийн физикийн факультет төгссөн. ШУА-д бүх насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан. Дараагийнх нь Оюундэлгэр эгч, ардчилсан Германд нэхмэлийн инженер мэргэжлээр төгссөн. Дөрөв дэх нь миний ганц ах  Дарамсэнгээ,  багаасаа их толгой сайтай, Ленинградад физикч мэргэжлээр суралцсан. Мөн ШУА–д ажилласаар тэтгэвэртээ гарсан. Миний дээд талын эгч Оюунгэрэл түүхийн доктор, хамгийн ойр өссөн дотно хүн маань. Насаар ч хамгийн ойр болохоор бид хоёр бүх л зовлон жаргалаа ч ярьцгаадаг. Ганц ах маань надаас их олон ах.

Бүгд эсэн мэнд, эрүүл саруул сайхан л явж байна. Би Ломоносовын их сургуульд сурсан. Нас ахих тусам сурсан сургуулиа улам л өндөрт боддог болох юм даа.


-Сургууль соёлд явах, мэргэжил сонгоход аавын тань нөлөө их байв уу?

-Гол нөлөө бол ааваас л угшилтай байгаа байх. Ээж маань 3, 4 дүгээр курсээсээ хүүхэд гаргаад л гэртээ насаараа суусан. Аав маань яг тэр мэргэжлийг сонго гэдэггүй, өөрийн сонирхлоор явах хэрэгтэй гэдэг байсан. Харин одоо бодоход, сонирхлыг маань дэвэргэх юм их хийдэг байж дээ гэж санагддаг.


-Та бол хүн судлалын мэргэжилтэй. Ер нь хүн судлалын шинжлэх ухаан ямар байдлаар хөгжиж байна?

-Баруунд бол этнологи буюу угсаатны зүй тал руу илүүтэй судалдаг. Наашаа социалист системийн орнуудад биологийн тал руу нь илүү судалсан байдаг. Энэ мэргэжлээр сурах гэж махаа идсэн дээ. Эхний жил лекцдээ суухад юу ч ойлгохгүй. Орой нь орондоо хэвтэж байхдаа, “Маргааш ер нь харья” гэж боддог байлаа. Яваад очиход аав ээж ч яахав гэхэд, найз нөхөддөө юу гэж хэлнэ гэж бодоод ер нь эцсээ хүртэл үзэж тарая гэж бодоод зүтгэсэн юм даг.


- Ер нь манайхан монгол хүнээ хэр судалсан байдаг вэ, монгол хүн хэрхэн хувьсаж ирсэн байдаг юм?

-ШУА-ийн биологийн хүрээлэнгээс 10 000 гаруй хүний биеийн, нүүрний хэмжээг авч монгол хүний стандартыг тогтоосон. 10 гаруй жилийн ажлын үр дүнд бүх дундаж хэмжээг гаргасан. Хажуугаар нь палентологи судалсан. Неолит Хүннүгийн үеэс эхлээд дараа дараагийн үеийн нүүдэлчин монголчуудын толгойн ясыг судалсан. Ингэхэд үндсээрээ өөрчлөгдсөн юм бол алга. Харин Хүннүгийн үеийн хүмүүс  яс томтой байжээ. Аргагүй дээ, маш олон улс үндэстнийг нэгтгэсэн том гүрэн байсан юм чинь. Тэр үеийн нүүдэлчид яс том, урт байсан байна.


-Хүний үүсэлтэй холбоотойгоор хүнийг хүн дүрст бичнээс үүссэн гэдгийг үгүйсгэх хандлага их гарч байна. Энэ талаар  мэргэжлийн хүн сонин юм хэлэх байх?

-Оюун ухааны эрх чөлөө их болоод хүн дуртай юм аа л ярьж байна шүү дээ. Ер нь бол одоогийн байгаа бичнээс хүн үүссэн гэсэн үг биш юм. Харин тэдний өвөг дээдсээс үүссэн. Энэ үйл явц хэдэн сая жилээр яригдана шүү дээ.

 

-Хүннүгийн соёлыг орчин үед маш их сонирхож байна л даа, дээл хувцас, хэл соёл гээд ...?

-Хүннүчүүд монголчуудын дээд өвөг мөн үү гэвэл, яалт ч үгүй мөн. Тун хялбархан баталгаа гаргаж ирнэ шүү дээ. Хүн чоно, буганаас төрөхгүй. Хүн хүнээс л төрнө шүү дээ. Манай өндөр өвөг дээдэс энэ шар талдаа олон мянган жил амьдарч байсан. Үр удам нь цаашид ч амьдарсаар байх болно.

 

 

Related news