Мөрөн сумын мянгат малчид хилчиддээ агт морь бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 57-р тогтоолоор аймгийн хэмжээнд “Нэг мянгат- нэг агт” аяныг зохион байгуулах шийдвэрийн гарсан байна.
Тус аяныг дэмжиж Мөрөн сумын мянгат малчин С.Отгонбаяр, О.Даваадорж, А.Туульхүү, Н.Цэдэнсодном, Цогтсайхан нар агт морьдоо хил хамгаалах үйлсэд хандивлалаа. Энэ үеэр Хилийн 0257-р ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр агт морь бэлэглэсэн малчиддаа талархал илэрхийлж та бүхний бэлэглэсэн энэхүү агт морьд бидний ажилд томоохон дэмжлэг болох болно гэдгийг онцлоод талархал, алд цэнхэр хадаг гардууллаа.
Хөвсгөл аймгийн нутагт хамаарах 1000 гаруй км урт хилийг Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257-р анги хариуцан хамгаалдаг бөгөөд өндөр уул, хад асга, шавар намаг бүхий байгалийн бартаа саад ихтэй, мориноос өөр техник хэрэгсэл ашиглах боломжгүй байгалийн саад бэрхшээл ихтэй нутаг байдаг гэнэ. Иймээс аймгийн хэмжээнд мал маллан амьдарч байгаа 400 гаруй мянгат малчин бүр аянд нэгдвэл хилчид унааны асуудлаа бүрэн шийдэх боломж бүрдэх ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа