Нэмэлт дархлаажуулалт маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-05-11 14:43:26

Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг маргаашнаас эхлэн орон даяар “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулна.

Монгол Улсад 2015 оноос хойш бүртгэгдэж буй улаанбурхан өвчний нийт тохиолдлын дийлэнх нь 18-30 насны залуучууд байна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын хүрээнд хийх улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцины зардлыг Монгол Улсын Засгийн Газраас гаргаж, НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар ханган нийлүүлжээ. 

Монгол улсад 600 мянга гаруй 18-30 насны залуучууд байгаа бөгөөд энэ насныхан харьяалал харгалзахгүй, өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, ажлын газар, их дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакцинаа үнэ төлбөргүй хийлгэх юм.

Одоогоор жирэмсэн, ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуучууд вакцин хийлгэхээс түр хугацаанд татгалзана.

Нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, залуучуудын өргөнөөр үйлчлүүлдэг газрууд, их дээд сургууль, албан байгууллага, худалдааны захуудын удирдлагыг хамтран ажиллаж залуучуудыг вакциндаа идэвхтэй хамарч  иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа.

Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 25-ныг дуустал 14 хоног үргэлжилнэ.

Ж.Болор

Related news