Боловсролын чанарыг сайжруулахыг Малала уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2015-09-25 12:22:23

ТОКИО. /NHK/. Дэлхийн удирдагчид хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхийн төлөө илүү их зүйл хийх хэрэгтэй байна гэж хүний эрхийн төлөө тэмцэгч 18 настай Малала Юсафзай хэллээ.

Түүний хэлснээр, хүүхэд бүрийг 12 жилийн боловсрол эзэмших боломжоор хангах арга замуудыг дэлхийн удирдагчид олох хэрэгтэй.

Пакистаны Нобелийн Энх тайвны шагналт Малала “NHK” телевизэд тусгай ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна.

Охидод боловсрол эзэмшүүлэх кампанит ажил өрнүүлсэн гэж зэвсэгт этгээд гурван жилийн өмнө түүний толгойн тус газарт буудсаны дараа тэрбээр олон улсад танигдсан билээ.

Малала эдгэрсэнээсээ хойш ч кампанит ажлаа үргэлжлүүлсээр байна.

Түүний амьдралаар саяхан баримтат кино хийсэн аж.

Хөгжлийн шинэ зорилтуудыг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ.

Малалагийн хэлсэнчлэн, 2000 онд баталсан өмнөх зорилтуудад хүүхдүүдэд анхан шатны боловсрол эзэмшүүлэх тухай зөвхөн тусгасан байсан юм.

Харин одоо хүүхэд бүрт 12 жилийн боловсрол эзэмшүүлэх зорилтыг дэлхийн удирдагчид гаргана гэдэгт тэрбээр найдаж байна.

Г.Доржханд

Related news
Comments