Өмнөд Африкийн эргээс олдсон онгоцны сэг “MH370”-гийнх байх магадлалтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-05-12 14:59:59

КУАЛА-ЛУМПУР. /ВВС/. Маврикий арал болон Өмнөд Африкийн эргээс олдсон нисэх онгоцны хоёр ширхэг сэг нь “MH370” чиглэлийн нисэх онгоцных байх магадлал өндөр байна гэж Малайз болон Австралийн албаны хүмүүс мэдэгдэв.

2014 оны гуравдугаар сард сураггүй болсон уг нисэх онгоцыг хайн илрүүлэх ажиллагаанд гарсан хамгийн сүүлийн үеийн мэдээ энэ юм.

Нийт 239 хүн суулган нисч явсан уг онгоц Куала-Лумпур хотоос Бээжин чиглэлд явах замдаа сураггүй алга болсон билээ. Онгоц чиглэлээ өөрчилснийхөө дараа далайд осолдсон гэж албаны хүмүүс таамаглаж байгаа юм.

Гурван хөлөг онгоцоор Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт 120 мянган км хавтгай дөрвөлжин талбайг самнан эрэл хайгуул хийсэн боловч одоогийн байдлаар онгоцны сэгийг олоогүй байна. Харин бусад газруудаас олдсон таван сэг уг нисэх онгоцных мөн болох нь тогтоогджээ.

Эдгээр хэлтэрхийнүүдийн нэгийг эрэл явуулж буй бүсээс хэдэн мянган км-ийн цаанаас олсон нь онгоцны бутарсан хэсгүүд далайн давалгаанд түрэгдэн хөвсөн байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж байна.

Д.Нямтулга

 

Related news