Олимпийн нэг эрхээ хасуулсан асуудлаар мэдээлэл хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-05-12 16:35:10

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ноос чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд “Рио- 2016” олимпийн эрх авсан тамирчдын жагсаалтыг өөрчлөн зарлахад манай эмэгтэйчүүдийн 53 кг-д олимпийн эрхээ аваад байсан ОУХМ Э.Сумьяагийн нэр орсон талаар өнөөдөр ЭМСЯ-ны байранд хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ.

Тус хуралд ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, БТСХТ-ийн дарга Д.Жаргалсайхан, БТСХТ-ийн Спортын анагаах ухааны албаны дарга, чөлөөт бөхийн шигшээ багийн эмч, гавьяат эмч Ч.Насанбат, МҮОХ-ны Спорт холбоод, наадам хариуцсан референт П. Тунгалаг, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

"Дөрөвдүгээр сарын 12-нд "Маш нууц" гэсэн бичигтэй албан бичиг ирсэн. Энэхүү албан бичигт чөлөөт бөхийн тамирчин Э.Сумъяагаас сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Хувь хүний нэр хүндтэй холбоотой  учраас энэ асуудлыг задлахгүй байхыг хүсч эцсийн шийд гартал тэмцээнд оролцохыг нь түр түдгэлзүүллээ гэж байсан. Ингээд удаагүй байтал WADA-гаас гуравдугаар сарын 1-нээс хойш 1 микрограммаас доош мельдониум илэрвэл цагаатгах талаар албан ёсоор мэдээлсэн" гэв.

Мөн "Өнгөрсөн сарын 26-нд ДНБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичиг ирсэн. Уг бичигт гуравдугаар сарын 18-нд Э.Сумъяагаас 0.7 микрограмм хэмжээтэй мелдониум илэрсэн. Тэмцээнд оролцох эрхийг түр түдгэлзүүлсэн байснаа цуцалж байна. Тэмцээн уралдаанд оролцоход асуудалгүй гэсэн утга бүхий албан бичиг ирсэн. Гэтэл өнөө шөнө ийм шийдвэр гаргаснаа зарлаж албан бичиг ирүүлжээ. Иймд Олон улсын олимпийн хороо, ДБНХ зэрэг газруудад албан ёсоор бид уг асуудлаар бичиг явуулж байна. Хэрвээ ДБНХ-ноос дээр дурдсан бичиг ирээгүй бол олимпийн эрх олгох сүүлийн хоёр тэмцээнд 53 кг-д өөр тамирчнаа оролцуулах боломж бидэнд байсан" гэдгийг МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх онцолж байв.

Спорт, анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат эмч хэлэхдээ "Мельдониум бол эмийн бодис гэж ойлгоорой. Мельдониум бодис сэргээшийн жагсаалтад орсон энэ оны нэгдүгээр сараас хойш бид олимпийн 17 шигшээ багийн алба дасгалжуулагч нарт тухай бүр нь мэдээлэл өгсөн. Манайд байгаа энэ бодис орсон эм нь тамирчны ид ачааллын үед зүрхний хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг болохоос хүч чадал оруулж, гормоны өөрчлөлтөд нөлөөлдөггүй гэж онцолж байв. Мельдониум гэж бодисын нөлөөллийн их бага хэмжээ заагаагүй. Харин өнгөрсөн сарын 13-нд албан ёсоор мэдээлэл гаргаж тун хэмжээг зааж хүний биеэс ялгарах хугацааг зааж өгсөн. Энэ оны Нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1 хүртэл хугацаанд 50 орны 172 тамирчнаас мельдониум илэрсэн. Манай тамирчин Астанагийн олимпийн эрх олгох тэмцээнд шинжилгээ өгч мельдониум 0.7 микрограмм илэрсэн. Мельдониум нь зүрх болон тархины цусан хангамжийн дутагдал, биеийн хүчний болон оюун ухааны хэт ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх мөн тархины гэмтэл, хагалгааны дараах нөхөн сэргэлтийг дэмжих зориулалттай эм" гэдгийг онцолж байв.

Тэрбээр "Монголын шигшээ багийн тамирчид уг бодис орсон эм бэлдмэлийг 2013, 2014, 2015 хэрэглэдэг байсан. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэрэглээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Зүрх системийн өөрчлөлт гарсан, албан ёсоор шинжилгээ оношлогоогоор тогтоогдсон тамирчид хэрэглэдэг болохоос хэн хүссэн нь дуртай үедээ хэрэглээд байдаггүй. Миний хувьд чөлөөтийн эрэгтэй шигшээ багт голлож ажилладаг. Эмэгтэй шигшээ багт М. Саранцацрал эмч хариуцан ажиллаж байгаа. Допингийн эсрэг хууль дүрмийн дагуу хувь хүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл нууцын зэрэглэлд багтдаг учраас илүү нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Нэгдүгээр сарын 7-ноос эхлэн сэргээшийн төрлийн эм бэлдмэлийн хайрцаг, шошгыг танилцуулж шигшээ багууд, тамирчид, албаны хүмүүст хангалттай мэдээллийг өгсөн.Олимпийн эрх авсан тамирчдаас цаашид энэ төрлийн бодис илрэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Бид энэ тамирчныг буруутгах учиргүй" гэдгийг онцлон хэлсэн юм.

Д.Өлзий

Related news