С.Ундрам: Куба улс бол миний хоёр дахь эх орон

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2020-07-10 14:37:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Куба улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Куба улсад төгсөгчдийн төлөөлөл, арьсны их эмч, анагаах ухааны магистр С.Ундрамтай ярилцлаа.


Тэрбээр, Бүгд найрамдах Куба улс, Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгээр 2003-2010 онд Хавана хотын АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр улаан дипломтой төгссөн юм. Эх орондоо ирээд Тайванд анагаах ухааны магистрын зэргээ хамгаалсан. Мөн АШУҮИС-д арьсны эмчээр нарийсан сурсны дараа Япон улсад арьсны эмгэг судлалаар нарийн мэргэжил эзэмшсэн байна.

-Сургуулиа төгсөөд одоо ямар ажил хийж байгаа вэ?

-Төгссөнөөс хойш АШУҮИС-ийн арьс судлалын багш, АӨСҮТ-д, арьсны эмгэг судлалын их эмчээр давхар ажиллаж байна.

-Куба улсад сурч байсан дурсамжаа хуваалцахгүй юу?

-Куба улс гэхээр нартай өдрийн далайн сэнгэнэсэн чийглэг үнэр бодогддог. Намайг сурахаар очиход иргэд нь маш найрсагаар хүлээн авсан. Танихгүй хэрнээ “нархан минь, гүнж минь” гэж дуудна. Бие биентэйгээ нээлттэй, хүлээцтэй харьцдаг эелдэг хүмүүс байдаг болохоор хоёр дахь эх орон шиг санагддаг.

-Тус улс нь шүдний эмчээрээ алдартай. Та яагаад их эмчээр суралцсан вэ?

-Манайхан Куба улсад төгссөн гэхээр шүдний эмч үү гэж асуудаг. Энэ нь шүдний эмчийн мэргэжлээр сурах тэтгэлэгийн квот их ирдэгтэй холбоотой байх. Гэхдээ Куба улсын анагаах ухаан, био технологи нь маш өндөр хөгжсөн. Шүдний эмчээс гадна хүний их эмч, малын их эмч зэрэг мэргэжлээр сурч  болдог. Намайг АШИУС-ийн нэгдүгээр дамжаанд сурч байхад Кубын Засгийн газрын тэтгэлэг зарлагдсан юм. Тэр үед нэг л хүүхэд их эмчээр авах хувиар ирсэн. Шалгалтанд авсан оноогоор эрэмбэлэхэд би шалгарсан юм.

-Куба улсын анагаах ухааны салбарын хөгжлийн нууцыг та юу гэж бодож байна?

-Тус улсын анагаах нь маш эртнээс практик дадлагаар эхэлдэгт байгаа юм. Нэг, хоёрдугаар дамжаандаа суурь хичээлийг нь заагаад гуравдугаар дамжаанаас эхлэн дадлагад суурилан, эмнэлэг дээрээ багшийнхаа хяналтан дор өдөр болгон хүн үздэг. Энэ нь сайн эмч бэлтгэгдэн гарах шалтгаан болдог байх. Өвчтөнүүд ч дадлагын хүүхдэд үзүүлэхгүй гэсэн хандлага гаргадаггүй.

-Тэтгэлэгт нь юу багтдаг вэ?

-Оюутны сургалтын төлбөр, байр, Өдрийн гурван хоол багтдаг.

-Сурахын хажуугаар ажил хийж болдог уу?

-Хичээл ихтэй байдаг учир ажил хийх ямарч боломжгүй.

-Куба улсад сурахыг хүсэж буй залууст зөвөлгөө өгвөл?

-Дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын оюутнууд тус улсад суралцдаг. Олон янзын хэл, соёл иргэншилтэй залуусын хамт оюутны байрандаа байрлан амьдардаг. Энэ нь олон орны залуусаас суралцах давуу тал юм.

Б.Мандуул

Related news