Ц.Тамир: Каллиграфичид бичээчийн эрдмийг дүрслэх урлагийн боловсролтой хослуулдаг байх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
boloroo8136@gmail.com
2024-10-28 20:22:33

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг удахгүй нээнэ.

 

2023 онд энэхүү үзэсгэлэнгийн Уран бүтээлчдийн төрөлд “Жангар” бүтээлээрээ тэргүүн байр эзэлсэн уран бичээч, график дизайнер Ц.Тамиртай ярилцлаа.

 

-“Мөнх тэнгэрийн бичиг” оролцсон уран бүтээлчдийнхээ чанар чансаагаар ялгагддаг үзэсгэлэн гэдэг нэр хүндийг олон жил хадгалж яваа үзэсгэлэн. Энэ үзэсгэлэнд хэдэн удаа оролцож байгаа вэ?

-Энэхүү үзэсгэлэнг анх зохион байгуулж ирсэн цагаас /2011 оноос, сурв/ хойш тасралтгүй оролцож байна. Анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед шилдэг найман уран бүтээлчийг сонгон зохион байгуулах болоод Д.Баттөмөр ах, Д.Батбаяр багш, Т.Жамъянсүрэн ах болон бидний хэдэн залуу уран бүтээлчид Засгийн газрын ордонд орж уулзаж байсан. Шилдэг найман каллиграфич оролцож байсан л даа. Тухайн үедээ нэр хүндтэй үзэсгэлэн байлаа. Нэр хүндтэй, яг мэргэжлийн хүрээний үзэсгэлэн байлаа.

 

-Энэ жилийн үзэсгэлэнд ямар бүтээлээр оролцохоор бэлдэж байна вэ?

 -Эхэндээ үзэсгэлэнд оролцохдоо зориулж бүтээл хийдэг байлаа. Сүүлийн жилүүдэд бэлэн бүтээл байж байдаг болсон. Өнөө жилийн хувьд, манай гэр бүл шинэ хүнтэй болоод хэд хэдэн шинэ бүтээл хийж дуусгаагүй байна. Мөн шүүгчээр ажиллаач гэсэн аман яриа байгаа учраас нэг жил өнжиж байна.

 

-“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд хамгийн олон удаа шагналт байр эзэлсэн уран бүтээлч бол Та. Сүүлийн гурван жил тасралтгүй түрүүлсэн. “Жангар” бүтээл тань үнэхээр онцгой. Материалын сонголт нь ч өвөрмөц санагддаг. Ер нь бүтээлийнхээ материалыг ямар байдлаар сонгодог вэ?

 

-Уржнан дизайн болон бүтээлийн төрөл гэсэн хоёр номинацаар шалгаруулахад нь гарфик дизайны төрөлд "Чингисийн билиг сургаал" бүтээл маань шалгарсан. 2023 оны "Жангар" бүтээл маань өмнөх бүтээлүүдээс маань арай өөр.

“Жангар” бүтээл өмнөх бүтээлүүдээс маань үнэхээр өвөрмөц. Боодлын бор цаасан дээр цагаан бэхээр бичсэн. Энгийн материалаар сайн бүтээл хийх гэж оролдсон юм. Тансаг байдлыг илтгэдэг, хар дээр алтан өнгөөр бичсэн бүтээл хүний харцыг булаадаг. Тэгвэл өнгөрсөн жил бүр эсрэгээр нь хямдхан, боодлын бор цаасан дээр бичиж ур чадвар л байвал материал чухал биш гэдгийг харуулахыг зорьсон юм. “Жангар” бүтээлийн жааз ч гэсэн их энгийн, эко маягийн их үнэтэй биш, бас дотуур хүрээгүй. Мөн бийрийн тиг хулсан үзгийн тигийг хоёуланг нь нэг форматад хослуулснаараа онцлог гэж бодож байнаӨөрийн өмнөх арга барилыг эвдэхийг зорьсон.

 

-Хулсан үзэг, бийрийн алинаар нь бичих амар байдаг вэ?

 -Ер нь аль аль нь өөрийн онцлогтой, амар биш. Бийрийн бичлэгийн хувьд их ур чадвар, хурд, тэсрэлт шаарддаг учир илүү эрх чөлөөтэй байдаг бол хулсан үзгээр бичихэд нягт нямбай ажиллагаа шаарддаг санагддаг. Өмнө нь дан бийрээр бүтээл хийдэг байсан бол хулсан үзгээр сүүлийн 5, 6 жил дагнан бичиж байна.  

 

-Та ямар мэргэжилтэй вэ?

 -Миний үндсэн мэргэжил хэвлэлийн Эх бэлтгэгч-Дизайнер. Би Голомт банканд график дизайнераар ажилладаг.

 

-Таны хувьд хэчнээн жил калиграфаар хичээллэж байна. Дизайнер хүний хувьд калиграфаар бичихдээ зохиомж гаргах тал дээр арай хялбар гэж ойлгож болох уу?

-Хоорондоо их уялдаатай гэж болно. Гэхдээ би дизайнераар сурахаасаа өмнө каллиграфаар хичээллэж эхэлсэн л дээ. Аав маань орос хэлний багшаар багшилж байгаад ардчиллын үе эхлэхэд монгол бичгийн багш болоод “Хүмүүн бичиг”, "Ил товчоо" сонинг захиалдаг байв. Тэр үеэс л эхлэлтэй9 дүгээр ангиасаа бичиж эхэлсэн

 

-“Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлийг тань бусадтай хуваалцмаар байна?

 -Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний бичиг үсгийн урлагийг ивээлдээ авч дэмжиж байгаа нь манай уран бүтээлчдийн хувьд маш их сайшаалтай. Зохион байгуулалтын хувьд дан мэргэжлийн шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн гэдгээр нь зохион байгуулж байвал зүгээр юм уу гэж боддог. Түүнээс биш хүүхдүүдийн дунд зарладаг уралдаан маш олон болсон шүү дээ. Бичиг соёл төвөөс зохион байгуулдаг үзэсгэлэн, “Хүмүүн бичиг” сонины “Монголын сайхан бичигтэн” гэх мэт.

 

-Монгол уран бичлэгийн хөгжлийг ямар түвшинд байна гэж үздэг вэ?

-Манайхан 1990 оны эхээр монгол бичгээ сэргээн үзэж эхэлсэн. Энэ хугацаанд үндэсний бичиг, тэр дундаа уран бичлэгийг хөгжүүлж явна шүү дээ. Хөгжихийн хувьд бол сайхан хөгжиж байна. Гэхдээ мэргэжлийн уран бүтээлчид маань урлагийн бусад төрөлтэй өрсөлдөхүйц хэмжээнд нь хүргэж хөгжүүлмээр л санагддаг. Ер нь, орчин үеийн урлагтай хослуулж холбож, материалын сонголтыг хүртэл чөлөөтэй ашиглаж хийх нь зүгээр юмуу гэж боддог. Миний хувьд, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн учраас МУЭ-ийн үзэсгэлэнд оролцохоос гадна бие даасан үзэсгэлэн гаргадаг. Орон зайд инстоляцтай хослуулсан нэлээн бүтээл хийж байв. Миний хоёр дахь бие даасан үзэсгэлэн бол бараг тийм чиглэлийнх болсон. Материалыг чөлөөтэй сонгоод, сур чагт гэх мэт ахуйтай холбосон бүтээл хийх нь зүгээр юмуу гэж үзсэн. Тэгэхээр орчин үеийн дизайны тал руу ч гэсэн нэлээн хөгжүүлэх юм бол үлэмж сайн гэж боддог. Одоо дизайны шинэ хэдэн фонт тиг зохиохоор бэлдэж байна. Миний хувьд, өөрийн нэрийн нэг фонт зохиосон. Чингис хаан Үндэсний музейн захиалгаар XIII-XIV зууны үеийн тигийг фонт болгон өгснийг тус музейн хананд хэвлэж, үзмэрийн тайлбар болгон ашигласан байдаг. 

 

-Таны ямар ямар бүтээл улсын сан хөмрөгт хадгалагдаж байна вэ?

-Орчин үеийн шийдлээр бүтээсэн "Тэнгэрээс заяасан босоо бичиг мину" даавуун дээр бүтээсэн инстоляц бүтээл маань Бичиг соёл төвөөс 2008 онд зохион байгуулсан үзэсгэлэнгээс шилдэг бүтээлийн шагнал хүртэн улмаар  Уран зургийн галерей тухайн онд шилдэг уран бүтээлээр шалгаруулан худалдан авч, одоо улсын сан хөмрөгт хадгалагдаж байгаа.

 

Жаазтай бүтээлээс гадна материалыг чөлөөтэй ашиглан таазнаас том даавуу унжуулан бүтээсэн. Түүнээс хойш манай уран бүтээлчид тиймэрхүү шийдэл голлосон бүтээл нэлээн хийдэг болсон нь ажиглагдсан. Мөн Уран зургийн галерейд 2008 онд "Бүх хаадын хаан тэнгэрийн хөвгүүн Чингис" гэж бүтээл хадгалуулж байсан. Ер нь, инстоляц орон зайн бүтээлүүд их хүч хөдөлмөр, мөнгө төгрөг, цаг хугацаа шаарддаг л даа.

 

-Уран зураг, уран баримал, зураасан зураг, Монгол зураг зэрэг дүрслэх урлагийн бусад төрөлтэй өрсөлдөж шалгарч гарч ирдэг учраас Уран зургийн галерейд бүтээл хадгалуулна гэдэг нэр хүндтэй шүү дээ. Уран бичлэгийн бие даасан гурав дахь үзэсгэлэнгээ хэзээ гаргах вэ?

-Ойрын жилүүдэд орчин үеийн шийдэл голлосон үзэсгэлэнгээ гаргахаар зорьж байгаа. Хулсан үзгийн бүтээл, компьютер график, эсвэл уран баримлыг хослуулсан өөр үзэсгэлэнгийн төлөвлөгөө ч бий. 2015 онд МУЭ-ийн үзэсгэлэнгийн төвд “Туульс” бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргаж байсан. 2018 онд гаргасан “Мөнхийн туульс” уран бүтээлийн үзэсгэлэнгийн бүтээлүүдээр тус тус каталог хэвлүүлсэн байгаа.

 

-Даавуун дээр уран бичих нь цаасан дээр бичихээс хэр ур чадвар шаарддаг вэ. Бүтээлдээ юуг тусгахыг зорьдог вэ?

-Цаасан дээр бичихээс бага зэрэг ялгаатай. Материалын онцлогоо уран бүтээлч өөрөө мэдэрч, санаагаа бодит болгон буулгах нь тун чухал. Ер нь, авьяас гэдэг мэдрэмжийн асуудал, ямар материал дээр, цаасан дээр, ямар будгаар, ямар бэхээр хийх вэ гэдэг нь өөрөөс нь бүрэн шалтгаалдаг. 

 

Өнгөрсөн жилийн “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнд түрүүлсэн “Жангар” бүтээлийг бор цаасан дээр хараар бичсэн бол гоё харагдахгүй байх. Харин цагаан бэхээр бичсэн нь болсон байх. Будаг, бэх гэхэд л дотроо олон төрөлтэй шүү дээ. Мөн зохиомж авалт маш чухал. Зөвхөн бичээд л байвал бичээчийн ажил хийж байна гэсэн үг.  Аль хэсэгт нь томоор бичих вэ, аль хэсэгт нь агаар үлдээх вэ гэхчлэн жинхэнэ дүрслэх урлагийн боловсрол хэрэгтэй болно. Ер нь, каллиграфич гэдэг нэг талаас бичээчийн эрдмийг, нөгөө талаас унаган авьяас мэдрэмжтэйн гадна дүрслэх урлагийн боловсролыг эзэмшсэн байх хэрэгтэй гэж боддог.

 

-Каллиграфаар хичээллэж байгаа хүүхэд залууст уран бичээчийн хувьд хэлж анхааруулах зүйл байна уу?

-Эхлээд хичээнгүй сайхан цэвэр бичиж сурах хэрэгтэй. Тэгж сураагүй байж анх сурч байгаа хүн абстракт зохиомж, цацалт хийгээд байвал дэмий байх.  Тийм болохоор залхуугүйгээр монгол бичгээ эхлээд сайн сурч, нэг зурлагыг хэдэн мянга дахин давтаж байж л гартаа оруулна. Түүний тул өдөр бүр, тасралтгүй байнгын бэлтгэл хийх нь хамгийн чухал. Ер нь, бүх насаараа суралцах урлаг л гэж ойлгох хэрэгтэй. Азийн тэр дундаа Япон, Хятадын каллиграфын том том мастеруудыг харахад ахмад насны хүмүүс байдаг нь бүх насаараа хөдөлмөрлөж байж, бараг муухай бичиж чадахгүй болтлоо тэгж бэлтгэгдсэн гэсэн үг.


-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье.


 

 

Related news