Ухаалаг утас ашиглаж 200 гаруй өвчтөнд тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-07-20 18:14:13

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 24 суманд тусгай апплейкшн суулгасан Юнителийн 4G дэмждэг ухаалаг гар утас ашиглаж нийт 210 өвчтөнд шуурхай үйлчилгээ үзүүлжээ.

Тухайлбал сумын иргэд арьс харшлын өвчнөө оношлуулж эмчлүүлэхийн тулд заавал аймаг болон хотыг зорилгүй, илүү зардал чирэгдэл бололгүй сумын эмчдээ үзүүлэн эмчлүүлэх боломжтой болсон байна. Хоёр жилийн өмнө “Ухаалаг гар утас- арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” төслийн хүрээнд 24 сумын 25 эмч тусгай апплейкшн суулгасан Юнителийн 4G дэмждэг ухаалаг гар утсыг хүлээн авч ашиглаж эхэлсэн нь ийнхүү үр дүнгээ өгчээ.

Эмч нар ухаалаг утсаар дамжуулан үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх, өвчнийг түргэн шуурхай оношлох, оношилгоо эмчилгээний сүүлийн үеийн мэдээллийг солилцоход ашиглаж байна. Ийнхүү өндөр хурдны интернэт сүлжээ ашиглан сумаас аймаг руу, аймгаас АШУҮИС-ийн арьс судлалын тэнхим рүү явуулж, оношийг баталгаажуулан эмчилгээг шуурхай хийх бүрэн боломжтой болсон аж.

Ташрамд дуулгахад, АШУҮИС, АУС-ийн Арьс судлалын тэнхмийн багш, АУ-ны доктор, профессор Б.Хандсүрэн орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар алслагдсан нутгийн хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх төслийг анх 2012 оноос эхлүүлжээ. Өнгөрсөн жил Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод аймагт хэрэгжүүлсэн байна. “Хүрээ” ротари клубийн дэмжлэгтэйгээр олон улсын Ротари санхүүжилтээр хийж буй энэ төсөл одоогийн байдлаар манай улсын найман аймагт  хэрэгжиж, арьсны өвчнийг алсын зайнаас оношлох, эмчлэх тусламжийг 1700 гаруй хүнд үзүүлээд байгаа ажээ. 

Related news