Баянтэс сум ахуй үйлчилгээний байраа өргөтгөжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Завханы
Баянтэс суманд бүтээн байгуулалт өрнөж 3,6 тэрбум төгрөгийн ажил хийгджээ.
Тухайлбал улсын
төсвийн хөрөнгө оруулалтаар 300 хүний суудалтай шинэ Соёлын төв, нэг
тэрбум 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хоёр давхар
цэцэрлэгийн барилга баригджээ. Мөн нэг
зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Нийтийн биеийн тамирын спортын
талбай”-тай болжээ.
Өнөөдрийн байдлаар хүүхэд залуучууд, ахмадууд чөлөөт
цагаараа амарч зугаалах, биеэ чийрэгжүүлэх спортын талбайтай болсон нь нийтийн
биийн тамир, спортыг хөгжүүлэхэд ач холбогдолтой юм. Мөн манай сум эрчим хүчний
0.4-ийн шугамаа нэг зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар
шинэчиллээ. Сумын камержуулалтын ажлыг 8.5 сая төгрөгөөр хийжээ. Сумын ЗДТГ-ын дэргэд Ахуйн үйлчилгээний байрыг
өргөтгөхөд таван сая төгрөгийг
зарцуулжээ. Ингэснээр тус төвд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд нэг дор
бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалтаа нэгдсэн байдлаар явуулж өрхийн орлогоо
нэмэгдүүлдэг болжээ. Түүнчлэн 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчээр халдаг, зургаан ширхэг душтэй “Халуун ус”-ыг барьж ашиглалтад өгсөн гээд иргэдийнхээ тухтай орчинд амьдрах боломжийг
нь хангаж өгсөн тухайгаа сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Баянтэс сум нь
4300 гаруй хүн амтай. Завханы томоохон сумдын нэг юм. Тиймдээ ч хүн амд эрүүл
мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх зорилгоор эрүүл
мэндийнхээ салбарт томооон хөрөнгө оруулалтуудыг хийжээ.
100 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй болсноор сумын эрүүл мэндийн төв шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаад байна.
Эрүүл мэндийн салбарт мобайл технологийг нэвтрүүлснээр малчид, иргэд маань баг дээрээ очоод ЭХО-гоор аруулчихдаг. Зүрхний бичлэгээ хэзээ ч очоод хийлгэчихдэг болсон.
Мөн цусны анализатор аппараттай
болсон. Эрүүл мэндийн яамнаас мобайл технолгийг
нэвтрүүлснээр халдварт бус өвчний эрт илрүүлэг, эх, хүүхдийн эрүүл мэндийн
үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох олон талын үйлчилгээг хөдөөгийн иргэдэд үзүүлж байна.
Түүнчлэн явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай зөөврийн
ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет гэх мэт тоног төхөөрөмжүүдийг сумын эрүүл мэндийн төвд
нийлүүлэгдээд байна хэмээн сумын ЗДТГ-аас нэмж дуулгалаа.
Хилчдийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж байна
Баянтэс сум аймгийн хэмжээнд цэцэрлэгийн
хамгийн олон бүлэгтэй хоёр дахь сум болж байна. Цэцэрлэгт одоогоор 274 хүүхэд
сурч хүмүүжиж байна.
Эх орныхоо дархан хилийг манаж буй хилчдэд тулгамддаг чухал асуудлын нэг бол хүүхдүүдийг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулах явдал юм. Манай сум таван заставтай. Хилчдын хүүхдүүд, хил орчмын бүс нутгийнхаа иргэдийн хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор хоёр заставт цэцэрлэгийн бүлэг нээсэн.
Энэхүү үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Боловсрол соёлын газраас дэмжиж зарим хөрөнгө оруулалтыг шийдвэрлэснээр цэцэрлэг маань амжилттай ажиллаж байна. Зайгал багийн Заставын цэцэрлэгийг улсын хэмжээнд жишиг болгон хөгжүүлэхийг зорьж байгаа. Мөн НҮБ-аас Хачиг багийн заставын бүлэгт иж бүрэн гэр, тоглоомын хамт өгсөн.
Энэ мэтээр олон улсын
байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид үлдсэн заставуудаа цэцэрлэгийн
бүлэгтэй болгохоор төлөвлөж байгаа.
Хилийн заставт цэцэрлэг байгуулснаар хилчид амгалан тайван ажлаа хийх, эзэгтэй нар нь ар гэрийн ажлаа амжуулах, хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах нөхцөл бүрдэж байгаа юм.
Хил орчмын
бүс нутийн малчдын хүүхдүүд хүртэл цэцэрлэгт хамрагдаж байгаа учраас малчин ард
түмэн, хилчид их сэтгэл хангалуун байгаа. Энэ мэтээр иргэдийнхээ нийгмийн
асуудлыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч байна. Ирэх намраас цэцэрлэг маань хэвийн ажиллаж эхэлнэ хэмээн
сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв.