Ахмадууд ажил хэрэгч санал тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 09:24:34

Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан Сүхбаатарын одонт аймаг болсон түүхэн үйл явдлын дараахан  сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлын тайлангаа ахмадууддаа эхэлж хүргэсэн юм.

Аймгийн даргадаа ахмадууд тун ажил хэрэгч санал тавьж, хийсэн ажлыг үнэлж, урам өгч амжилт хүссэн юм. Аливаа уулзалт бүрт сонсогддог  тэтгэвэр нэмж өг, амьдрал хэцүү байна гэж хэлэх ахмад тун цөөн байв.

Харин ч аймгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд маш их зүйл хийсэн. Хийсэн зүйл нь бид бүхний нүдэнд харагдаж байна гэж байлаа. Тэд, надад нэг санал байна. Би эрүүл мэндийн байгууллагад насаараа ажилласан хүн. Үүнийхээ дагуу ахмадуудынхаа эрүүл мэндийг бодоод хийн дасгалын клуб нээх гэсэн боловч газар олдохгүй байна. Засаг дарга, удирдлагууд маань цаашдынхаа хөтөлбөрт ахмадуудын эрүүл мэндэд чиглэсэн бодлогыг түлхүү тусгаж өгөөсэй гэж хэлмээр байна. Аймаг бүрт ахмадуудаа хөнгөлөлттэй амруулдаг рашаан сувиллын газар бараг аймаг болгонд байдаг. Үүнтэй адил манай аймаг Нэвтийн рашаанд ч юм уу ахмадуудаа 50 хувийн хөнгөлөлттэй амруулах боломж бий юу. Байгаа бол ингээсэй гэж нэгдүгээрт хүсч байна. Хоёрдугаарт  хулгайчгүй, архигүй, залуус нь ажилтай орлоготой аймаг болчихвол манай аймаг хөгжлөөрөө тэргүүлэх аймаг болно гэдгийг хэлмээр байна. Та бүхэнд амжилт хүсье.

Өмнө ингэж ахмадуудыг цуглуулаад уулзалт хийж байсныг санахгүй байна. Манай аймгийн Засаг дарга, Жаргалант сумын засаг дарга нар сайд дарга нараас илүү ажил хийж байгааг хэлэх хэрэгтэй. Надад хоёр санал байна. нэгдүгээрт манай Буянт багийн чиглэлд саяхан автобус явж эхэлсэн. Гэтэл ахмадуудаас 300 төгрөг нэхээд байна. Үүнийг нийслэл хот шиг ахмадуудаас авахгүйгээр зохицуулж өгөх хэрэгтэй байна.

Хоёрдугаарт сая засаг дарга арьс боловсруулах үйлдвэр байгуулна гэж ярьлаа. Энэ маш зөв санаа. Ингэхдээ үхэр, адууны арьсыг дэд зэргээр боловсруулаад тэлээ, цүнх, гутал хийгээд  өндөр хөгжилтэй орнууд руу экспортловол энэ манай аймгийг сурталчлах бас нэг том сурталчилгаа болно шүү гэдгийг хэлмээр байна.

Аймаг, сумын Засаг дарга нар маань ахмадуудаа хүндэтгэж, урилга тарааж, ажлаа тайлагнаж байгаад маш их баярлаж байна. манай аймгийн ажил маш сайн явж байгаа. үүнийг батлаж сая Сүхбаатарын одонгоор шагналаа. Манай аймаг хөгжиж байгаагийн хамгийн том баталгаа энэ шүү дээ.

 Надад хэлэх гурван санал байна. нэгдүгээрт төрийн албан хаагчдын ажлын цагийн бүртгэл гэж зүйл бий юу. Би захиргаан дээр нэг ажил хөөцөлдөөд холбогдох албан тушаалтантай нь уулзах гэж 6 очлоо. Сүүлдээ арга ядаад жижүүрийн цагийн бүртгэлийн дэвтэр авч үзсэн. Бүхэл бүтэн аймгийн ЗДТГ-ын ажилтангуудын цагийн бүртгэл тиймэрхүү хэмжээнд байж болохгүй. Төрийн албан хаагчид цаг барих, цагийн бүртгэл тооцоог сайжруулахад анхаарч ажиллаасай гэж бодож байна. Хоёрдугаарт аймгийн төвд эрүүл амьдрах нөхцөл бололцоо үнэхээр муу байна. яагаад гэхээр айл, албан байгууллага болгон хашаандаа хог шатааж байна. энэ хогны утаа бид бүхний ад үзээд байдаг өвлийн нүүрсний утаанаас хэд дахин хортой гэдгийг хүмүүс сайн ойлгохгүй байх шиг байна.Энэ талаар МХГ гэх мэт холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөөсэй гэж бодож байна. гуравдугаарт манай аймгийн ахмадын холбооны үйл ажиллагаа сул байна. ахмадууддаа чиглэсэн үл ажиллагаа сайн явуулах хэрэгтэй. Улаанбаатар хотод гэхэд ахмадууд өөрийн гэсэн өрөөтэй, тэндээ цуглараад тоглож наадаад, байнгын уралдаан тэмцээн зохиож байх жишээтэй. Энэ тал дээр ганц Ахмадын холбоо ч гэлтгүй аймаг, орон нутгаас сайн анхаарч, дэмжиж өгөх хэрэгтэй байна.

Манай аймагт бензиний үнэ буусан. Энэ бол маш сайхан хэрэг. Гэхдээ дагаад өргөн хэрэглээний барааны үнэ, таксины үнэ буусангүй ээ. Нэгэнт бензинийхээ үнийг буулгасан юм чинь яагаад энэ тал дээр хяналт тавьж ажиллахгүй байна вэ? . Бас  импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн дээрээ хяналт тавьмаар байна. Оросоос 50 кг-ийн гурил гээд 47, 48-аар савлачихсан гурил орж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчдаа битгий компьютерийн ард зүгээр суулгаач, ажлыг нь хийлгээч гэж хүсмээр байна.

Related news