Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг хойд сумдад ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 14:25:34

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Нэргүйгээр ахлуулсан ажлын хэсэг Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Баянзүрх, Арбулаг сумдад ажиллалаа.

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу орон нутагт гал түймэр, гамшиг, ослоос хамгаалагдсан байдалд үнэлгээ, дүгнэлт, мэргэжлийн зааварчилгаа өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор ажиллажээ.

Ажлын хэсэг сумдын Онцгой комиссыг хуралдуулж, болзошгүй гамшиг осол, ой хээрийн түймэр, мал амьтаны гоц халдварт өвчин, хүчтэй салхи шуурга, шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдал, чанар, үр дүн, Гамшгаас хамгаалах орон тооны бус алба, штаб, мэргэжлийн ангийн бэлтгэл, бэлэн байдал, ажиллах журам зааврын болон Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмын хэрэгжилт, Гамшгаас хамгаалах нөөц бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт, тухайн жилд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулж буй төсөвтэй танилцаж, үүрэг чиглэлийг газар дээр нь өгч ажиллажээ.

Улаан-Уул суманд түймрийн эргүүлийг баг бүрт гарган ажиллуулж байгаа бөгөөд сумаас 6 сая төгрөгийг урьдчилан сэргийлэх ажилд төсөвлөн гаргасан, Цагааннуур сум 2016 онд Байгаль хамгаалах сангаас 9 сая төгрөг төсөвлөсөн, Ренчинлхүмбэ суманд өнгөрсөн онд адууны цахилгаан томуугаар 147 адуу үхэж устгалд оруулж хүнд нөхцөлд ажилласан байна. 

Засаг даргын нөөц, Байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаас тодорхой төсөв гарган ой, хээрийн түймэр, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Тус сумын хувьд 25 мянган үхэр, 10 мянган адуу вакцинд хамруулах бөгөөд нэг тонн ариутгалын бодис шаардлагатай байгаа талаар хэлж байлаа. Баянзүрх сум ойн 7 нөхөрлөлтэй бөгөөд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх ажлыг хамтран зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд дүйцүүлэх албаа дайчлан ажиллаж байгаа бол Арбулаг сум 2016 онд Гамшгаас урьдчилан сэргийлэх зардалд 5,6 сая төгрөг төсөвлөсөн байна.

Гарын доорх материал ашиглан ой хээрийн түймэр унтраах багаж, тоног төхөөрөмж хийж мэргэжлийн анги, бүлгийн хүн бүрийг хангасан гэдгийг мэдээлж байлаа.

Б.Гантуяа


 

Related news