ХӨВСГӨЛ: Өрхийн үйлдвэр эрхлэгчдэд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан.
Энэ хүрээнд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн санаачилга, улсын төсвийн хөрөнгө оруулалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн дэмжлэг болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар нийт 8.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 3260 ширхэг тоног төхөөрөмжийг өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хүлээлгэн өглөө.
Хүлээлгэн өгсөн тоног
төхөөрөмжүүд нь сүү, цагаан идээ боловсруулах, арьс шир боловсруулах, оёдол,
мод болон төмөр эдлэл үйлдвэрлэл, авто засвар, газар тариалан, хадлангийн
техник зэрэг өрхийн үйлдвэрлэлийн олон салбарыг хамарч байгаа нь иргэдийн
үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, хүртээмжийг
сайжруулах чухал боломжийг бүрдүүлж байна.