Хорт хавдрын асуудлаар олон улсын туршлага судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-09-25 17:14:16

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ““Хорт хавдрын тулгамдсан асуудал-Хоол боловсруулах дээд замын хавдрын менежмент” сэдэвт олон улсын VII симпозиум  өнөөдөр эхэллээ.

   Хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж, нийт хавдрын 6 дугаар байрт эрэмбэлэгдэх болсон. Тиймээс манай эмч нар хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ оншилгооны үр дүнгээ сайжруулах зорилгоор олон улсын туршлагыг судалж байна.

Энэ удаагийн симпозиумд Монгол, Япон, Солонгос, Энэтхэг, ОХУ, Казакстан зэрэг орны 70 гаруй судлаач, эрдэмтэн, эмч нар судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлж, мэдлэг, туршлагаа солилцож байгаа юм. Энэ хүрээнд улаан хоолой, нойр булчирхай, ходоод, бүдүүн, шулуун гэдэс, элэг, хөхний хорт хавдрын онош, эмчилгээний чиглэлээр салбар хуралдаан болж байна.

Хорин жилийн өмнө Монголд хөхний хорт хавдрын тохиолдол нүдний гэм байсан. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд энэ тоо эрс нэмэгдэж, жилд 100 гаруй эмэгтэй хөхний хорт хавдраар өвчилжээ. Өвчнөө хүндрүүлж байж  эмнэлэгт ханддаг уламжлалт сэтгэлгээнээс болж олон эмэгтэй эцсийн шатандаа оношлогддог байна.

Токиогийн их сургуулийн профессор Күмико Карасава, “Хөхний хорт хавдар бол бүрэн эмчлэгдэх боломжтой. Хэрвээ тухайн эмэгтэй хавдрынхаа эрт үед оношлуулж чадвал бид эрхтэн хадгалах мэс заслын аргаар, хөх үлдээх эмчилгээ хийдэг. Өвчтөн хавдраа хүндрүүлээгүй л бол эрүүл болох магадлал 80 хувьтай байдаг” гэв.

Энэ удаагийн симпозиумыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй нь манай орны хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хорт хавдраас сэргийлэх, хянах болон хүн амын эрүүл энхийг хамгаалах үйлсэд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байгааг харуулж байна гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Энэхүү симпозиум маргааш өндөрлөнө.

Ж.Болор

Related news
Comments