Далийн баярыг өргөжүүлэн аялал жуулчлалын маршрут бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 08:35:29

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газраас  “Даль цэцэглэх цагаар” хаврын баярыг 9 дэхь жилдээ зохион байгууллаа.

Эрдэнэбулган суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нутгийнхаа байгалийн үзэсгэлэнг гадаад дотоодын жуулчдад  сурталчлан таниулах зорилготой Далийн баярыг уламжлал болгон зохион байгуулж иржээ.

Энэ жилийн хувьд хөдөөгийн багийн иргэд, зэргэлдээ сумын иргэд, төрийн байгууллагуудын төлөөлөл бүхийн 200 гаруй иргэд оролцож нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд гар бөмбөг, сагс, олс таталт, буухиа тэмцээнээр өрсөлдөж орон нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдсанаараа онцлог болжээ. Тус сумын нутаг Эгийн голын тайга, ойт хээрийн бүсэд хамрагддаг ба хаврын улиралд сумын эргэн тойрон даль цэцэглэж нутгийн иргэд далийн үнэрт алжаал ядаргаагаа тогтмол тайлдаг бөгөөд зүрх судасны өвчлөл бусад сумаас харьцангуй бага байдаг ажээ.

Цаашид Мөнгөн цагираг аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд хаврын улиралд иргэдийн эрүүл мэндэд нэн тустай Далийн баярын арга хэмжээг өргөжүүлэх, Дани улсын иргэдийн амьдарч байгаад буцсан түүхийн дурсгалт Дани толгой, Даян дээрхийн агуй зэргийг нэг маршрутаар жуулчдад зориулсан арга хэмжээ болгохыг зорьж байгаа ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Related news