Улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалт Ховдод 35,1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 13:09:55

Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт Ховд их сургууль, Хөгжил Политехник коллеж, Цагдаагийн газар,аймгийн ИТХ, ЗДТГазар, Ерөнхий боловсролын сургуулийн 18 нас хүрсэн сурагчид, 30 хүртэлх насны багш нар вакцинжуулалтад хамрагдаж, хамралтын хувь 35,1 хувьтай байна.

Ховд аймгийн ЗДТГазар, Эрүүл мэндийн газраас бүх сумдад вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах үүрэг чиглэл өгч, өрх, сумын эрүүл мэндийн төв вакцинжуулалтыг гардан хэрэгжүүлж байна.

Ховд аймагт 18-30 насны 18035 хүн байгаа бөгөөд жирэмсэн эх, өвөл вакцинд хамрагдсан дээрх насны хүмүүс хамрагдахгүй.

Улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалтад аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Орон даяар 18-30 насны залуучуудад улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулж байгаа юм.

А.Бямбасүрэн

Related news