Газрын төлбөрийн биелэлт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 18:19:43

Дорнод аймагт газрын төлбөрийн биелэлт хангалтгүй байна. Энэ нь иргэдээс шууд шалтгаалдаг үзүүлэлт юм. 2004 оноос Газрын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Дорнод аймагт 31620 иргэн гэр бүлийн хэрэгцээний газраа өмчилж авсан ч газрын төлбөрөө төлдөг нь тун цөөхөн гэнэ.

Угтаа газар өмчлөгч иргэн жилд 810 төгрөгийн газрын татвар төлөх ёстой. Гэтэл төлөхгүй тохиолдолд хүлээх хариуцлага байдаггүйгээс хүмүүс хойрго байгаа ч татвараа төлөх нь иргэн бүрийн үүрэг гэдгийг татварын байцаагч хэлж байсан. Харин газар эзэмших төлбөр хэмжээ, байршлаасаа шалтгаалж харилцан адилгүй байдаг гэнэ. Газар өмчлөгчид иргэний үүргээ ухамсарлан татвараа төлөх юм бол Дорнод аймагт жилд 18-20 сая төгрөг орох боломжтой ч өнөөдрийн байдлаар 2 сая орчим төгрөг төвлөрөөд байгаа юм байна. Газар эзэмшигч татвараа төлөөгүй тохиолдолд тухайн газрын эзэмших эрхийг цуцлах хуультай. Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компани газар эзэмшлийн төлбөрөө одоог хүртэл төлөөгүй байгааг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээлэв.

Газрын бирж ажиллаж байна

Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш, эрэлт хэрэгцээ, ханган нийлүүлэлтийг жигд тогтвортой байлгах, энэ талаархи мэдээллээр олон нийтэд үйлчилгээ үзүүлэх зорилгоор Газрын цахим биржийг ажиллуулж байна. Ингэснээр газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, газрын худалдаа, түрээсийн бүртгэл, үнийн мэдээ гэхчлэн иргэдэд шаардлагатай мэдээллийг онлайн хэлбэрээр авах боломжтой болжээ.

Цахим бирж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, улсын хэмжээний 330 сумын газрын даамал, Нийслэлийн Өмчийн харилцааны газар гэхчлэн нэлээн өргөн хүрээг хамрах юм.

“Ланд менежер-2” программ нэвтэрч эхэллээ

Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт “Ланд менежер-2” программ хангамж нэвтэрч эхэллээ. Энэ программыг суурилуулснаар газартай холбоотой өргөдөл бүртгэхээс эхлээд суурин боловсруулалт хийх, кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулах, захирамж гаргах, гэрээ байгуулж гэрчилгээ олгох, татвар төлбөр ногдуулах гэхчлэн иргэдэд үзүүлдэг өдөр тутмын бүхий л үйл ажиллагааг холбогдох хууль, эрх зүйн хүрээнд гүйцэтгэх боломжтой болж байна.

 ГХБХБГазрын дарга Д.Дамдинбазар:

-“Ланд менежер2” программ нэвтэрснээр шат дараалсан ажиллагаа багасч, цаг, цаас хэмнэхээс гадна иргэдийг чирэгдүүлдэг байдал арилах юм. Газартай холбоотой лавлагааг иргэд цахимаар авах боломжтой болж байгаагаас гадна тухайн иргэний гаргасан хүсэлт хаана, хэн гэдэг мэргэжилтэн дээр байгааг харж хянах зэрэг олон давуу талтай гэж ярилаа.

Мөн иргэдийн газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийн зөрчил арилгах ажлууд хийгдэх гэнэ. Харин тухайн иргэн газраа зөвшөөрөлгүй сунгасан, зөвшөөрөлгүй газар эзэмшсэн, төлбөр татвараа хугацаанд нь төлөөгүй бол программ хангамжаас таны мэдээлэл гарч ирэхгүй гэдгийг сануулж байсан.

Энэ сарын 16 –наас эхлэн Дорнод аймгийн төв Хэрлэн сумын хэмжээнд “Ланд менежер2” программ нэвтэрч эхэллээ.

Б.Туяа

 

 

Related news