Чиндаод бүртгэгдсэн халдвар олон нийтийн дунд тархаагүй гэж мэдэгдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-16 16:02:47

Бээжин /МОНЦАМЭ/. “Энэ долоо хоногт Чиндао хотод бүртгэгдээд буй дотоодын гаралтай халдварын эх үүсвэр нь тус хотын Тархи, мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэн тухайн эмнэлгийн компьютер томографийн /CT/ шинжилгээний өрөөгөөр үйлчлүүлж байхдаа халдвар авсан нь тогтоогдсон” хэмээн холбогдох албаны байгууллагаас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Шаньдун мужийн Эрүүл мэндийн хорооны намын бүлгийн орлогч нарийн бичгийн дарга, Өвчнийг хянах төвийн намын хорооны нарийн бичгийн дарга Ма Ли Шинь тус хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ “Чиндаод бүртгэгдээд буй энэ удаагийн халдвар олон нийтийн дунд буюу нийгэмд тархаагүй” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн хотын “бага эрсдэл”-тэй бүсэд амьдарч буй ард иргэд эхлээд шинжилгээнд хамрагдах давуу эрхтэй бөгөөд долоо хоногийн дотор хийлгэсэн нуклейн хүчлийн сөрөг шинжилгээний хариу, өвчнийг хянахад зориулан гаргасан тусгай аппликейшны бүртгэлээ үзүүлэн Чиндао хотоос гадагш зорчих боломжтой. Мөн Чиндао хотоос гадагшаа зорчсон иргэн хотод буцаж ирснийхээ дараа ямар нэгэн хязгаарлалтад орохгүй хэвийн горимоор амьдрах боломжтой бөгөөд аливаа байгууллага, компани энэ тал дээр нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ авахыг хориглоно гэжээ.

Хятадын Төв телевизийн мэдээллээр, одоогоор тус хотод халдвар авсан 13 өвчтөн бүртгэгдээд байна. Мөн дээрх халдвар авагсдын ихэнх нь Чиндао хотын Тархи, мэдрэлийн эмнэлгээр үйлчлүүлсэн эсвэл хэвтэн эмчлүүлж байгаа иргэд байсан талаар албаны эх сурвалж баталж байгаа юм. Улмаар хотын Эрүүл мэндийн хорооны намын бүлгийн өчигдрийн шийдвэрээр тус эмнэлгийн захирал Дөн Кай, хотын Эрүүл мэндийн хорооны дарга Суй Жөн Хуа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, холбогдох шалгалтыг явуулж байна.

Related news