Иракт 31 хүний амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-09-28 12:22:37

РАМАДИ. /Xinhua/. Иракийн баруун нутгийн Анбар муж дахь “Лалын улс” бүлэглэлийн босогчдын байрлалд өгсөн агаарын цохилт, тус бүлэглэлийн амиа золиослогчдын хоёр халдлага зэрэг мөргөлдөөний улмаас ням гарагт нийт 31 хүн амиа алдсан байна гэж Анбар мужийн аюулгүй албаны эх сурвалж мэдэгдэв.

Иракийн нийслэл Багдад хотоос баруун тийш 50 км-т орших “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Эль-Фаллужа хотын зүүн хэсэгт байрлах Хашд Шааби цэргийн баазад амиа золиослогч хоёр этгээд тэсрэх бөмбөгтэй машинаа дэлбэлсний улмаас 12 цэрэг амиа алдсан гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгджээ. Уг цэргийн баазад Иракийн цэргүүд болон хагас цэрэгжсэн дайчид байрладаг байна.

Уг хоёр халдлагын дараа “Лалын улс” бүлэглэлийн хэдэн арван босогч болон Иракийн хүчин хооронд хүчтэй мөргөлдөөн гарч, бүлэглэлийн тодорхойгүй тооны босогчийг устгаж, шархдуулсан гэж эх сурвалж мэдэгджээ.

Үүнээс гадна, Багдад хотоос баруун тийш 110 км-т орших Рамади хотын зүүн хэсгийн Хусейбах аль-Шаркия гэдэг газарт Иракийн цагдаа нар болон босогчид хооронд болсон мөргөлдөөний үеэр наад зах нь найман босогч болон тэдний хэд хэдэн машиныг устгасан байна.

Мөн Багдад хотоос баруун тийш 160 км зайтай оршдог, “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Хит хотод Иракийн нисэх онгоцууд агаараас цохилт өгч гурван босогчийг устгаж, энгийн дөрвөн иргэнийг хөнөөж, таван хүнийг шархдуулжээ.

Д.Нямтулга

Related news
Comments