Хунтайж Эндрюгийн цол хэргэмийг хураажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР 
                                                                    ЛОНДОН, 2025 оны аравдугаар сарын 31 /DW/. Хунтайж Эндрюгийн үлдсэн цол хэргэмийг хурааж, хааны ордноос хөөн гаргах “албан ёсны” үйл явцыг Их Британийн хаан III Чарльз эхлүүлсэн гэж Букингемийн ордон мэдэгджээ. Тэрбээр одоо Эндрю Маунтбаттен-Виндзор гэж нэрлэгдэх юм.
Хаан Чарльзын дүү, талийгаач хатан хаан II Элизабетийн хоёр дахь хүү
Эндрю өөрийн зан авир болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч, АНУ-ын санхүүч Жеффри Эпштейнтэй холбоотой байсан гэх шалтгаанаар улам бүр шүүмжлэлд өртөх болоод байгаа юм. Энэ сарын эхээр тэрбээр
Йоркийн гүн хэмээх цол хэргэмээ ашиглахаа болихоос өөр аргагүйд хүрсэн байна.
“Эндрю өөрийг нь буруутгасан мэдээллүүдийг үгүйсгэж байгаа боловч эдгээр зэмлэл шийтгэлийг хүлээх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байна” гэж Букингемийн ордноос пүрэв гарагт мэдэгджээ. Ж.Эпштейнийг буруутгаж байсан гол хүмүүсийн нэг нь Эндрюгийн эсрэг мэдээлэл гаргасны дараа дээрх үйл явдал болж байна.
Америк,
Австралийн иргэн Виржиниа Жуффре гэдэг эмэгтэйг нас барсных нь дараа гаргасан түүний дурсамж ном болох
“Nobody's Girl” өнгөрсөн долоо хоногт Их Британид худалдаанд гарсан юм. Энэхүү номд уг эмэгтэй Эндрютэй гурван удаа бэлгийн харьцаанд орсон гэж бичсэн байна. Тэдгээрээс
анхны тохиолдол нь түүнийг дөнгөж 17 настай байхад нь болсон гэнэ. Хунтайж
түүний насыг зөв тааж, хүүхдүүдтэйгээ чацуу хэмээн ярьсан гэдгийг бичжээ.
Мөн 2011 онд бичиж байсан цахим захидлууд энэ сард дахин гарч ирсэн бөгөөд Эндрю Ж.Эпштейнтэй бүх холбоогоо тасалсан гэж мэдэгдсэний дараа ч түүнтэй холбоотой байсан нь ил болжээ. Эндрю албан ёсны цол хэргэмээсээ татгалзсан хэдий ч бэлгийн хүчирхийллийн талаарх В.Жуффрегийн мэдэгдлийг үгүйсгэсээр байна. В.Жуффре энэ оны дөрөвдүгээр сард амиа егүүтгэн нас баржээ.
Эндрю 2022 онд Нью-Йорк хотод В.Жуффрегийн гаргасан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхийн тулд олон сая ам.доллар төлсөн байна. Тухайн үед тэрбээр буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй боловч бэлгийн мөлжлөгийн хохирогч болж зовж шаналж байсныг нь хүлээн зөвшөөрсөн байна.
Ж.Эпштейн 2019 онд бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүгдэх шүүх хурлаа хүлээж байхдаа шоронд амиа егүүтгэж нас баржээ. Тэрбээр өмнө нь хүүхэд хүчирхийлсэн хэргээр ял эдэлж байжээ. Түүний туслах Жислейн Максвеллийн хувьд өсвөр насны охидыг түүнд зуучилж байсан хэргээр 2021 онд 20 жилийн ял сонссон байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																		
				
             
                    