Энэтхэгт коронавирустэй тэмцэхэд роботуудыг ашиглаж эхэллээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-11-12 14:03:58

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Дэлхийд “COVID-19” халдварын тохиолдлын тоогоороо хоёрдугаарт жагсаж буй Энэтхэгийн эмнэлгүүд өвчтөнүүдийг хайртай хүмүүстэй нь холбох, галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад тусламж үзүүлэх үүднээс роботуудыг ашиглаж эхэлжээ.


Бангалор хотод төвтэй “Invento Robotics” компани гадаргууг халдваргүйжүүлэхээс эхлүүлээд өвчтөнүүдийн асуултад хариулж, эмч нартай цахимаар уулзуулах боломжийг бүрдүүлдэг гурван төрлийн роботыг зохион бүтээжээ. Тус компанийн байршуулаад байгаа найман роботоос “Mitra” буюу найз хэмээх утга бүхий нэртэй робот олны сонирхолд хамгийн их нийцэж байна.


Арван мянган ам.долларын үнэтэй энэхүү робот нь нүүр царай таних технологийн тусламжтайгаар өвчтөнүүдийг өмнө нь холбогдсон хүмүүстэй нь дахин холбож өгөх чадвартай. Мөн эмнэлгээр бие даан явж, өвчтөнүүдэд гэр бүл, эмч нартайгаа холбогдоход тусалдаг ажээ.


Mitra” эмч, сувилагч нарт ч туслах боломжтой гэж “Invento Robotics” компанийн гүйцэтгэх захирал Балажи Висванатхан “CNN” сувагт мэдээлжээ. Түүний хэлснээр, хүнтэй төстэй роботууд өвчтөнүүдтэй ойр байж, итгэл найдвар өгөх ажээ. “Хэдийгээр хачирхалтай сонсогдож болох ч бид эмнэлэгт хүнлэг энэрэнгүйг авчрахын тулд роботуудыг ашиглаж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.


Энэтхэгийн хойд нутгийн Нойда хотын “Yatharth” эмнэлэгт хоёр “Mitra” роботын байршуулаад байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь эмнэлгийн хүлээн авах хэсэгт өвчтөнүүдийн шинж тэмдэгийг хянаж байгаа бол нөгөөх нь эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байгаа юм байна.


“Эрчимт эмчилгээний тасаг дахь “Mitra” өвчтөнүүдийг гэр бүлийнхэнтэй нь видео дуудлагаар уулзуулж, ар гэрийнхэнд нь эмнэлэг дэх нөхцөл байдлыг харуулдаг” гэж “Yatharth” эмнэлгийн захирал Капиль Тияги “CNN” сувагт мэдээлжээ. “Роботыг өрөөнд нь орж ирэх үед өвчтөнүүд баярлаж, өөдрөг болдог. Мөн тэд “Mitra”-тай хамт селфи зургаа авхуулдаг” гэж тэрбээр хэлжээ. 

Related news