Сонгуулийн санал авах байруудыг байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-30 23:09:57

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Энхбатаас сонгуулийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

-“Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо хуулинд заасан хугацаанд намууд болон бие даагчдын материалыг бүртгэж аваад хуулийн тав хоногийн хугацаанд шийдвэрээ гаргасан. Үүнд АН-аас 33, МАН-аас 32, МАХН-аас 16 нэр дэвшигчийг бүртгэсэн. Бие даагчдын хувьд 22 бие даагч материалаа ирүүлснээс хэлэлцээд 9 бие даагчийг нь бүртгэлээ. Одоо дахиж нэр дэвшүүлэх тухай яригдахгүй, харин татгалзсан нөхцөлд дахин нэр дэвшүүлэх ч юм уу нөхөх хуулийн хугацаа байхгүй.

-Аймгийн хэмжээнд хэчнээн хэсгийн хороо байгаа вэ?

-Одоогийн байдлаар аймгийн Сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид хуулийн хугацаанд нь дөрвөн сард дөрвөн сумынхаа сонгуулийн хороог байгуулсан. Үүнд Орхон суманд долоо, бусад гурван суманд тус бүр 9 хүнтэйгээр ажиллаж байгаа. Одоо бид өнөөдөр буюу 30-наас санал авах байранд ажиллах хүмүүсээ зохион байгуулан ажилд нь оруулж байна. Яг одоо нийт 40 гаруй хүн сонгуулийн хороодод ажиллаж байгаа бол дээрх зохион байгуулагч болон бусад хүмүүс нэмэгдээд 300-гаад хүн ажиллана. Санал авах байрыг тухайн сумдын сонгуулийн хороо, багийн Засаг дарга нартай хамтарч зохион байгуулна.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Related news