ФИФА-гийн өмнөх удирдлагууд өөрсдийгөө 80 сая доллароор "шагнасан"-ыг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-04 13:16:02

ЛОНДОН. /ВВС/. Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн ерөнхийлөгч асан Сепп Блаттер болон өөр нөлөө бүхий хоёр албан тушаалтан өнгөрсөн таван жилд албан тушаалаа хашиж байх хугацаандаа өөрөө өөрсдийгөө 80 сая орчим доллароор шагнасан байсан гэж тус холбоо мэдэгдлээ.

ФИФА мэдэгдэхдээ “энэ гурван хүн өөрөө өөрсдийнхөө цалинг жил бүр нэмж, өөрсдөдөө урамшууллын мөнгө бичиж авч байсныг холбооны Дотоод хяналт шалгалтын хороо илрүүлсэн. Тэд өнгөрсөн оныг хүртэлх таван жилийн хугацаанд нийт 80 сая доллароор өөрсдийгөө “шагнаж, урамшуулсан”-ыг тогтоосон” гэжээ.

Сепп Блаттерын нөгөө хоёр хүн нь ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч асан Жером Вальке болон ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан Маркус Катннер нар аж.

Өнгөрсөн онд АНУ болон Швейцарийн хууль шүүхийн байгууллагынхан ФИФА-гийн нөлөө бүхий албан тушаалтнуудыг авилга болон бусад хэрэгт сэжиглэн баривчилж, ялласнаар Блаттер огцорсон юм.

Хожим нь ФИФА Блаттерыг хөл бөмбөгтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд зургаан жил оролцохыг хориглосон билээ.

Г.Доржханд

 

Related news