Сурагч О.Уянга дэлхийн тусгай олимпид өрсөлдөх эрх авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-04 17:26:23

2017 оны гуравдугаар сарын 14-25-ны хооронд Австри улсад болох дэлхийн өвлийн “AUSTRIA-2017” тусгай олимпид Дархан-Уул аймгийн Дархан сумын “Энэрэл цогцолбор” сургуулийн сурагч, тамирчин О.Уянга оролцох эрх авчээ.

Тус аймгийн ЗДТГ, JCI Дархан салбар байгууллага хамтарч ажиллах санамж бичгийн хүрээнд “Ялалт байгуулахад чинь бид туслая” төслийг өнгөрсөн өвлөөс хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд зохион байгуулсан хойд бүсийн олимп, улсын өвлийн олимпид 100 метрийн цанын төрөлд Энэрэл цогцолбор сургуулийн сурагч О.Уянга нь алтан медаль авсан юм. Ингэснээр “Дэлхийн тусгай олимп”-ийн өвлийн наадамд Монгол улсаа төлөөлж оролцох эрхийг өнгөрсөн  тавдугаар сарын 31-нд гардаж авсан юм. “Дэлхийн тусгай олимп”-ийн өвлийн наадамд Монгол улсаа төлөөлж оролцох болсон О.Уянгад аймгийн Засаг дарга А.Энхболд, JCI Дархан салбарын хамт олон баяр хүргэж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Тэрээр тэмцээний бэлтгэлийг ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо “Sky resort” цанын баазад тусгай олимпийн хорооны дасгалжуулагчдын хамтаар хийхээр болсон. Өвлийн олимпид Монголоос 12 хүүхэд гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, бөмбөгтэй хоккейн төрлөөр оролцоно. Дэлхийн 170 гаруй оронд тухайн орны “Үндэсний олимп”, “Пара олимп”, “Тусгай олимп”-ийн хороод идэвхтэй ажиллаж зуны болон өвлийн олимпийн тоглолтыг тогтмол зохион байгуулдаг төдийгүй 226 тусгай олимпийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Related news