7800 гаруй иргэнд зөвлөн туслах үйлчилгээг хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-01-16 12:56:37

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ЭМГ-аас Монгол Улсад коронавирусний халдварын анхны тохиолдол зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэн үеэс эхлэн иргэдэд дээрх өвчнөөс урьдчилсан сэргийлэх зөвлөмж сургалтыг нийт 120 гаруй удаа явуулжээ.

Тодруулбал, тус газраас өөрийн цахим хуудас болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан дээрх сургалт зөвлөмжийг хүргэсэн байна.

–“Зурагт хуудас тараахаас илүүтэй цахим орчин дахь зөвлөмж, зөвлөгөө нь хандалт ихтэй байсан. Мөн орон нутгийн хэвлэмэл сониноор дамжуулан хөдөөгийн иргэдэд цуврал зөвлөмжүүдийг хүргэжээ. Он гарсаар цахим хуудсаар болон байгууллагуудад халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг 43 удаа явуулжээ. Коронавирусний халдвараас сэргийлэх ЭМГ-ын сургалтын багаас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өнгөрсөн жил гэхэд "Хамгаалах хувцас хэрэгслийг өмсөх, тайлах" сургалтын дадлага ажилд үнэлгээ өгөх, үр дүнг тооцох, зөвлөн туслах зорилготой онлайн сургалтыг 38 удаа явуулсан байгаа. Харин энэ жил хуваарийн дагуу сургалтууд зөвхөн онлайнаар хийж байна. Одоогоор таван байгууллага тус сургалтад хамрагдаад байна. Эрүүл мэндийн салбарын байгууллагууд өнгөрсөн жил давхардсан тоогоор аймгийн хэмжээнд нийт 7860 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлсэн байна” гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.


Амны хаалтаа зааврын дагуу хаяхыг зөвлөв

-“Манай иргэд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дадлуудыг мэддэг болсон.

Гэсэн хэдий ч зарим иргэн хэнэггүй, үл тоомсорлох нь бий. Түүнчлэн хэрэглэсэн амны хаалтаа зөв хаях дадалд сурах нь зүйтэй. Учир нь иргэд хэрэглэсэн амны хаалтаа энд тэндгүй хаях нь эрсдэл дагуулж байна. Коронавирусний халдвараас биднийг хамгаалж буй ганцхан хэрэгсэл бол амны хаалт. Амны хаалт нь вирус агуулсан амьсгалын хэт бичил дусланцруудыг чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой ч амнаас ялгарч буй дуслуудыг шүүх чадвартай байдаг. Нэн ялангуяа, өвчтэй хүнээс халдварыг гадагш гаргахгүй амны орчимд шүүн барих чадвар өндөр. Тиймээс өвчтэй хүн өвчнөө бусдад тараахгүй. Эрүүл хүн бусдаас халдвар авахгүй үүднээс өнөөдрийн байдлаар амны хаалтыг маш зөв хэрэглэх шаардлага тулгараад байна. Гэхдээ энэхүү зөв хэрэглээ хэмээх үгний утгад амны хаалтыг зөвхөн амандаа зүүх төдийгөөр хязгаарлагдахгүй бөгөөд хэрэглэсэн амны хаалтыг хэрхэн зөв хаях асуудал бидний дунд байна. Иргэд хэрэглэсэн амны хаалтаа хогийн саванд бус хаа тааралдсан газраа замбараагүй хаяж байгаа нь илүү их эрсдэлийг дагуулж байна. Коронавирус нь гадаргуу дээр 24 цаг орших чадвартай гэдгийг эрдэмтэд баталсан. Тиймээс одоогоос эхлэн та хэрэглэсэн амны хаалтаа зааврын дагуу хогийн саванд хаяж заншаарай гэж зөвлөх байна” гэв. 

Related news