Мухаммад Али таалал төгссөнд Америк даяараа эмгэнэн гашуудаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-06-06 09:48:50

ВАШИНГТОН. /Prensa Latina/. АНУ-ын домогт боксчин, хүний эрхийн төлөө тэмцэгч Мухаммад Али таалал төгссөнд дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс болон янз бүрийн салбарын хүмүүс гашуудаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон тэргүүн хатагтай Мишель Обама нар мэдэгдэл хийхдээ М.Али-г “үндэсний баатар” гэж тодорхойлоод “Мухаммад Али бол хамгийн аугаа нэгэн байсан” гэжээ.

Удаан хугацаанд шаналгасан Паркинсоны өвчнөөс үүдэлтэй амьсгалын замын өвчний улмаас домогт боксчин тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АНУ-ын Аризона муж улсын Феникс хотын эмнэлэгт 74 насандаа таалал төгссөн юм.

2009 онд Барак Обамагийн тангараг өргөх ёслолд оролцсон хүмүүсийн дунд Мухаммад Али байсан бөгөөд Обамаг АНУ-ын анхны хар арьст ерөнхийлөгч болсонд баяр хүргэж, адислаж байсан билээ.

Дэлхийн аварга боксчин Али зөв үйл хэргийн төлөө тэмцэгч нэгэн байсан юм.

АНУ-ын болон дэлхийн хэвлэл мэдээллийнхэн, алдартай хүмүүс аугаа боксчин, хүний эрхийн төлөө тэмцэгч, дайныг эсэргүүцэгч Али-гийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.

Мэргэжлийн боксын дэлхийн гурван удаагийн аварга бөгөөд Олимпын аварга түүний ажил, амьдралын замналыг хэвлэл мэдээллийнхэн онцлон дэлгэрэнгүй бичиж, нийтэлцгээж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп “Мухаммад Али бол аугаа аварга бөгөөд гайхамшигтай хүн байсан” гээд “түүнийг хүн бүр дурсан санах болно” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Мөн Трампын өрсөлдөгч Хиллари Клинтон болон сенатч Берни Сандерс дэлхийн домогт боксчны дурсгалыг хүндэтгэлээ. 

Г.Доржханд

 

Related news